Гавьяат тамирчин Б.Сэр-Одын Олимпын эрх албан ёсоор баталгаажлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос дөнгөж сая “Парис-2024” Олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлалаа.
Одоогоос яг нэг сарын өмнө Данийн Копенхаген хотод “Парис-2024” зуны Олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны Олимпын наадамд өрсөлдөх болзол хангасан. Тэгвэл өнөөдөр зарласан дэлхийн чансаагаар гавьяат тамирчин Б.Сэр-Од 1180 оноогоор 80-д багтаж, Парисыг зорих эрхээ албан ёсоор баталгаажуулав.
Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцсон тамирчин дэлхийд байхгүй. Тэгвэл энэ түүхийг Монголын тамирчин 43 настай Б.Сэр-Од маань бичих нь ээ. Түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон цор ганц марафонч юм.
Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо, ОУОХ-ноос “Парис-2024”
Олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан.
Ингэхдээ нэг улсаас гурваас дээш тамирчин уралдуулахгүй байхаар тогтоосон юм.