ЗАВХАН: Хүүхдүүд үдийн цайндаа сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-05 14:14:22

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үдийн цайндаа хэрэглэж байна.  


Тус сургууль өөрийн суманд үйлдвэрлэдэг сүүний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглээд гурван жил болж байна. Сумын ерөнхий боловсролын сургууль нь 1466 хүүхэдтэй, түүний 700 гаруй нь үдийн цай хөтөлбөрт хамрагддаг.


Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүддээ сарлагийн сүүгээр боловсруулсан пробиотек сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглүүлэх нь эрүүл ахуй, эрүүл мэндэд маш чухал.

Ер нь хүүхдүүдийн үдийн цайнд холоос тээвэрлэхгүйгээр, сумаасаа, шууд малчны хотноос, хамгийн чанартай хүнсийг хэрэглүүлэхийг зорьдог. Хүүхдүүд маань амт, чанартай таван төрлийн сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэдэг.

Үдийн цайнд эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэх нь чухал шүү дээ. Бид өндөр үнэтэй, зардал шингэсэн, бас эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалздаг.

Тиймээс өөрийнхөө суманд үйлдвэрлэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг боломжийн үнэтэй худалдаж авдаг.


Манай сургуулийн үдийн цайны сүү, сүүн бүтээгдэхүүнийг “Их-Уулсын сарлаг” сүүний үйлдвэр нийлүүлдэг. Эднийх өдөртөө 300-500 литр сарлагийн сүүг боловсруулж пробиотек сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 10 орчим нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үдийн цайнд нийлүүлэхээс гадна, худалдаанд гаргадаг.

Жил бүр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, мөн захиалагчдад хүссэн орц хэмжээгээр нь найдвартай нийлүүлдэгт талархдаг. Түүгээр ч барахгүй хүүхдүүд жилийн турш сүү, цагаан идээг шинээр нь хэрэглэх боломжийг бүрдүүлж буй нь сайшаалтай гэж Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэв. 

 

相关新闻