Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг стандартын дагуу цөөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засаж байна.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулахаар усалгааны систем суурилуулж байна. Мөн авто угаалгын газар болон бетонон хашааг Монголын хөлбөмбөгийн холбоотой зөвшилцөн буулгасан. Зоогийн газрыг ч мөн адил эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж байгаа. Чөлөөлсөн талбайд ногоон байгууламж байгуулан теннис, хүүхдийн тоглоомын талбай болон 3х3 сагсан бөмбөгийн талбай хийж тохижуулахаар төлөвлөсөн” хэмээн ярив.
Түүнчлэн Геодези усны барилга байгууламжийн газраас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах ус их тогтдог зам талбайд 1200 метр ус зайлуулах шугам угсарчээ. Мөн зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан цахилгааны олон жижиг дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулгасан байна. Түүнчлэн энэ жил ариун цэврийнесөн шинэ байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцоллоо.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган хүн шигүү суух боломжтой байдаг. Суудал хоорондын зай хэт ойр байдгаас үүдэн хүн саадгүй зорчих боломжгүй байдаг ажээ. Тэгвэл уг засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд суудал хоорондын зайг олон улсын стандартад нийцүүлжээ.
Ташрамд дурдахад, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талын гүйлтийн замыг шинэчилж байгаа бөгөөд наадмын дараа долоо хоногт нэг удаа нээж, иргэдийг зориулалтын зам дээр гүйх, дасгал хөдөлгөөн хийх орчин нөхцөлөөр хангах юм байна.