Нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, нийслэлийн төсвийн тодотголын талаар хэлэлцэв.
Энэ сарын 3-нд Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан. Нийслэл энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төслийг Нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх аж.
Төсвийн тодотголыг хоёр үе шаттай хэлэлцэнэ. НИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 13-нд хуралдуулах бөгөөд үүгээр нийслэлийн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийнэ.
Үүнд:
-Бөөрөлжүүтийн
цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний суурь
хэрэглээг хангахад 300 тэрбум
-Улаанбаатар
хотын гол болон туслах, гудамж замуудын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, авто
замын сүлжээг өргөтгөх шинэчлэх, засварлах ажилд 150 тэрбум
-Ариутгах бохир
усны Туул-1 коллекторын байгууламжийн ажилд 40 тэрбум
-Үерийн
хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 6.0 тэрбум
-Андеррайтинг үйлчилгээний зардалд 4.0 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна.
Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцоолсны үндсэн дээр хотын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1.11 их наяд, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3.15 их наяд тэрбум төгрөг байхаар тооцжээ.