Эвалд Еркер: Үндэсний онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад эко аялал жуулчлалыг хөгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн “Баян трейвэл лодж” компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Эвалд Жосеф Еркерийг МҮХАҮТ-ын “Силк роуд” одонгоор шагналаа.
Шагналыг Монголын Үндэсний
худалдаа, аж үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн гардуулав. Тэрбээр,
Австри улсын иргэн Э.Ж.Еркер Монголын байгаль, ахуйд түшиглэсэн аялал
жуулчлалын эко цогцолборыг хөгжүүлж буйг дурдлаа. Түүний байгуулсан “Баян
Монгол ресорт” жуулчны бааз нь орон нутагт цахилгаан, эрчим хүчний шугам, дэд
өртөөг өөрийн хөрөнгөөр тавьж, мөн нарны зайн цахилгаан станцаар жуулчны баазынхаа
хэрэглээг хангаж байна.
Үйл ажиллагаандаа олон улсын байгаль орчны болон аюулгүй дүн шинжилгээ, хяналтын менежментийн тогтолцооны ISO стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарт анхдагч болж, аялал жуулчлалын бусад баазад үлгэр жишээ болж буй юм. Энэ талаар ноён Э.Ж.Еркерээс тодрууллаа.
-Танай компанийн
байгуулсан эко аялал жуулчлалын цогцолборын онцлог юунд байна вэ?
-Үндсэн
зарчим нь унаган байгалиа хадгалж, монгол нүүдэлчин ахуй төрх, хэв маягийг авч
үлдэн түүнийгээ олон улсад, гадаад, дотоодод сурталчлан таниулахад оршиж байна.
Гадаад, дотоодын жуулчид, зочид гийчдэд тэр мэдрэмжийг төрүүлэх нь чухал юм. Жишээ
нь, манай компани гал тогоондоо орон нутгийн иргэд, малчдаас шинэ сүү, цагаан
идээ, мах, хүнсний ногоо байнга худалдан авдаг.
Ингэснээр 20 гаруй ажлын байр бий болгосон. Нарны хавтан тавьж компанийхаа болон орон нутгийнхныг цахилгаанаар холбосон.
Австрийн иргэн Э.Ж.Еркер Монголын байгаль, ахуйд түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулан хөгжүүлж байна.
Аялал жуулчлал бол нийгмийн цөөнх үр ашгийг хүртдэг бус, орон нутгийн иргэд өгөөжийг нь шууд авах боломжтой, экспортын орлого бүрдүүлдэг салбар. Бид энэ байдлыг амьдралд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Байгальд хал багатай, орон нутгийн хөгжлийг дэмжсэн, ногоон аж ахуйд тусалж байна. Энэ талын Европын стандартыг Монголд нэвтрүүлэхийг хичээж байна. Бид үйл ажиллагаагаа Booking, Expedia, Нotels.com, Аgada, Ostrovok.ru, Trip олон улсын сүлжээ платформоор танилцуулж, жуулчдаа мөн олон улсын сүлжээгээр дамжуулан хүлээн авдаг.
Экологийн хувьд нүүрс хүчлийн хийг бууруулах, бүр гаргахгүй байхыг зорьж, тэг заалттай ажиллаж байгаа. Ингэснээр Тогтвортой хөгжлийн зорилт, ногоон хөгжлийг хангаж байна. “Тэрбум мод” хөдөлгөөнөөр жил бүр мод тарьдаг. 100 мод тарьснаас 80 хувьтай ургаж байна.
-Таны бодлоор, Монголд
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй
байна вэ?
-Монголын аялал жуулчлал үндэсний
уламжлалаа дагаж, орчин үеийн хэв маягтай хослуулан, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх нь чухал. Монголын уламжлалт, үндэсний хоол ундаа,
амьдрах ахуйгаа харуулах нь чухал.
Энэ талаар Монголын төр,
засаг, олон нийтийн холбоод орон нутгийн иргэд, малчдаа дэмжин ажиллаж буй нь
сайшаалтай. Жишээ нь, манай компани уран зураг бүтээх орчин нөхцөлийг бүрдүүлэн
монгол зураачдыг дэмжин ажиллаж байгаа. Энэ нь монгол орныг, Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй, түүх, соёлыг сурталчлах нэг арга юм.
Манайх энэ оны 10 дугаар
сард дэргэдээ уран зургийн “Номад Арт” үзэсгэлэн гаргах гэж байна. Энд
А.Хэрлэнбаатар нарын монгол зураачдыг дэмжин ажиллаж байна. Ардын урлагийн “Баян
Монгол нэгдэл” хамтлаг байгуулан жуулчдад монгол үндэсний шинж чанар онцлогийг
харуулсан түүх, урлаг, соёлыг сурталчлан, энэ талын платформыг хөгжүүлж байна гэв.