Салхин станцын бүтээн байгуулалтыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны
зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ЭХЯ, Олон
улсын санхүүгийн корпорац (ОУСК) хооронд Монгол Улсын салхины нөөц ихтэй бүс
нутагт салхин цахилгаан станцыг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар зохион
байгуулж ажиллах “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Гэрээ нь байгаль орчинд
ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой, салхины эрчим хүчийг
хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон мэдлэг туршлагыг татан
ашиглах юм.
Гэрээгээр ОУСК-ийн зөвлөх баг Монгол Улсад 100 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барихад шаардлагатай олон улсын жишигт нийцсэн судалгаа болон баримт бичгийг бэлтгэн ЭХЯ-нд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн анхны өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулахад ОУСК-аас зөвлөж ажиллана.
Төслийн дүнд 1 кВт.ц
цахилгаан эрчим хүчийг тариф 4-5 цент буюу 135-169 төгрөгөөр нэгдсэн сүлжээнд
нийлүүлэхээр урьдчилсан тооцоолоод байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний бусад
эх үүсвэрийн үнэ, тарифтай харьцуулахад 2-3 дахин хямд үнэ юм. ЭХЯ Сэргээгдэх
эрчим хүчний хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон
ажиллах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг нэгдсэн сүлжээнд эрчим
хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг зохион
байгуулах үүрэг хүлээсэн юм.
Гэрээний төслөөр ТЭЗҮ
боловсруулах, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг
баримтыг бэлтгэх, тендерийг үйл явцыг зохион байгуулж, шалгаруулж, хэрэгжилтийг
хянах юм.