ШУА-ийн их сургууль судалгаанд суурилсан ахисан түвшний сургалт явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ШУА-ийн байр, лаборатори, техник тоног төхөөрөмж зэрэг материаллаг бааз, хүний нөөцөд тулгуурлан судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхлэх Шинжлэх Ухааны Академийн их сургууль өнөөдөр нээлтээ хийлээ.
Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 214 дугаар тогтоолоор ШУА-ийн их сургууль албан ёсоор байгуулагдсан юм.
ШУА 16 хүрээлэнтэй, 1200 орчим ажилтантай, 400 орчим доктор зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачтай. Энэхүү судалгааны байгууллагыг түшиглэн байгуулж буй тус сургуулийн сургалтын гол үйл ажиллагаа нь үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэхэд чиглэж, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг төсөлд суурилсан сургалтын технологиор, дотоод гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр явуулах юм.
ШУА-ийн UMAS сургуулийг байгуулахад өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургууль UST-тай хамтын ажиллагаа тогтоож, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлт, инновац, боловсролын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. БНСУ-ын ШУТИС-ийн захирал Ким И Хуан манай улсад зочилж шинжлэх ухааны төсөлд суурилсан сургалтын тогтолцооны талаар харилцан туршлага солилцох, эрдэмтэн солилцооны болон сургалт судалгааны хамтарсан хөтөлбөр бий болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. БНСУ-ын ШУТИС олон жилийн туршлагатай, дэлхийн 60 гаруй улсад өндөр түвшний боловсон хүчнийг бэлтгэдэг арвин туршлагатай сургууль юм.
ШУА-ийн UMAS сургууль улсын төсвөөс тусгай зардал шаардахгүй аж. Тус сургууль бусад уламжлалт их сургууль шиг том байшин, барилга, лаборатори, оюутны лекцийн танхимтай байх шаардлагагүй. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагууд, лаборатори, танхимууд болон тэнд ажиллаж буй эрдэмтэн багш нарыг түшиглээд сургалтаа явуулах аж. Тиймээс ахисан түвшний шинжлэх ухаан технологи инновацын салбарт нэн шаардлагатай нарийн мэргэжлээр доктор, магистр бэлтгэх зорилготой юм.