Монголбанк, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалт хоёр дахин буурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголбанк, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын үлдэгдэл энэ сарын 5-ны өдрийн байдлаар 6 тэрбум юань болж, 2016 оны эцсийн түвшнээс хоёр дахин багасжээ.
Цар тахлын үеийн хямралын эдийн засаг 2022 оны сүүлийн
хагасаас сэргэж эхэлснээр 2023-2024 онд төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай
гарч, Засгийн газрын гадаад бондуудын дахин санхүүжилт амжилттай шийдвэрлэгдсэн билээ. Улмаар улсын валютын нөөцөд үзүүлэх гадаад
секторын дарамт харьцангуй тогтворжсон тул Монголбанк нь гадаад өрийн
тогтвортой байдлыг хангах, хүүгийн зардал, алдагдлыг багасгах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
зөвлөмжийг хэрэгжүүлэхээр ХАБ-тай
байгуулсан своп хэлцлийн өр төлбөрөөс 2023 онд 1.5 тэрбум, 2024 онд 4.5 тэрбум
юанийн эргэн төлөлтийг тус тус гүйцэтгэсэн байна.
Тус банкуудын хооронд 5 тэрбум юань буюу нэг их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг хоёр орны худалдааг дэмжин, эдийн засгийг хөгжүүлэх, богино хугацааны хөрвөх чадварыг нэмж, санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор 2011 онд байгуулжээ. Үүнээс хойш своп хэлцлийн ерөнхий гэрээний дүнг 2012, 2014 онд тус бүр 5 тэрбум юаниар нэмж, 15 тэрбум юаньд хүргэсэн бол гэрээний хугацааг 2014, 2017, 2020, 2023 онд тус бүр 3 жилээр сунгаж ирсэн аж.
Монголбанк нь своп хэлцлийг 2012 оноос ашиглаж эхлэн, 2012-2016 онд цэвэр өссөн
дүнгээр 12 тэрбум юань буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум ам.долларыг
ашиглажээ. Дээрх хугацаанд манай улсын
гадаад валютын нөөцийн хэмжээ багассаар
2016 оны 10 дугаар сард 2010 оноос хойшхи хамгийн доод түвшинд буюу 1.04
тэрбум ам.долларт хүрч байв.
Иймд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, улсын гадаад валютын нөөцийн хүрэлцээг олон улсад мөрддөг жишиг
хэмжээнд хадгалах, иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэх, гадаад секторын
хямралын үед валюутын хангалттай
нөөцтэй байх хүрээнд 2017-2022 онд своп хэлцлийн гэрээний хугацааг сунгаж, хүү
төлөх замаар өрийн дарамтыг хойшлуулж ирснийг төв банк мэдээллээ.