“Хүслийн хайрцаг”-т санал хүсэлт, мөрөөдлөө бичсэн хүүхдүүдийн захидлыг Ерөнхий сайдад уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-06-12 09:55:14

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс “Хүслийн хайрцаг”-т хүүхдүүдийн ирүүлсэн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд энэ сарын 5-ны өдөр хүргүүлжээ.


Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран үе тэнгийнхнээ дээрэлхэх, ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай хүүхдийн марафоныг энэ сарын 1-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан.

 

Тус марафоны үеэр хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсох “Хүслийн хайрцаг” ажиллуулжээ. Уг хайрцагт 79 хүүхэд өөрсдийн санал, хүсэл, мөрөөдлийг бичиж үлдээжээ.


“Хүслийн хайрцаг”-т хүслээ ирүүлсэн хүүхдүүд “Улсын, хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарч ерөнхий боловсролын бүх сургууль үнэ төлбөргүй болох”, “Ерөнхий боловсролын бүх сургуулийн 1 дүгээр ангиас англи хэлийг үнэ төлбөргүй заах”, “Ялгаварлан гадуурхаж, гадаад үзэмж, төрхөөр нь дээрэлхдэггүй байх”, “Сурган хүмүүжүүлэгч, багш нь сурагчдаа ялгаж харьцдаггүй байх”, “Автозамын түгжрэлийг бууруулах”, “Эх дэлхийдээ хог битгий хаяасай”, “Гэр бүлийнхэнтэйгээ хамт утаа, угааргүй Монгол Улсад амьдармаар байна”, “Бага, дунд ангийн сурагчдын үдийн цайг чанаржуулах”, “Ахлах ангийн хүүхдүүдэд ч үдийн хоол өгөх” гэх мэтчилэн өөрийн хүсэл, санал бодлыг бичжээ.

相关新闻