ХОВД: "Reach" хүмүүнлэгийн тусламжийн төсөл энэ онд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-15 10:33:31

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Малчин өрх, тэдний хүүхдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг "Reach" төслөөр дамжуулан хүргэж байна.

Зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрх, тэдний хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын зарим хэрэгцээг хангах зорилготой "Reach" хүмүүнлэгийн тусламжийн төсөл 2024 онд Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжих юм.

Онцолбол, энэ төсөлд Ховд аймгаас Алтай, Үенч, Булган, Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дөргөн, Дарви, Цэцэг гэсэн 9 сум хамрагдана.

Төслийн хүрээнд 9 сумын 135 малчин өрх болон сургуулийн дотуур байранд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлагуудад эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.     

Үүнээс гадна  дээрх 9 сумын 1200 гаруй хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, амин дэм түгээж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад зориулан 135 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлэх юм.   
 

"Reach" төслийн нээлтийг энэ сарын 14-нд Ховд аймагт хийлээ.

Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч "Пипл ин Нийд" олон улсын байгууллага, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллах гэрээ байгуулав.  

Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулахад Ховд аймгийн 9 сумаас 20 орчим хүн оролцсон юм.     

"Reach" хүмүүнлэгийн тусламжийн төслийг ХБНГУ-ын ЭСЯ санхүүжүүлж, "Пипл ин Нийд" олон улсын байгууллага, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, Найзуудын клуб, Монголын андууд зэрэг байгууллага хамтарчээ.

Ховд, Баян-Өлгий аймгаас 270 малчин өрх, 3400 хүүхэд уг төслийн үр шимийг хүртэнэ.  

相关新闻