ХОВД: Торх улааны хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-18 12:06:35

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын нутаг, Торх улаан гэх ууланд нүүдэлчдийн булш, хиргисүүр хөшөө дурсгал олон бий.

Тодруулбал, Торх улаан уулын хойд бэлд хоёр хүн чулуун хөшөө оршино. Үүнийг нутгийн иргэд Торх улааны хүн чулуун хөшөө гэж нэрлэдэг.

Энэ хүн чулуун хөшөөний нэг нь 323 см, нөгөө нь 279 см өндөр.

Газар хэвтэж буй хөшөөнд хүний нүүр, нүд, хамар, уруул зэргийг мэдэгдэм дүрсэлсэн байдаг. Мөн хоёр мөрийг маш тод товойлгон сийлжээ. Гарыг цээж орчимд нийлүүлэн ямар нэг зүйл барьж байгаагаар урлажээ. Энэ нь цаг хугацааны явцад их баларч бүдгэрсэн юм.  

Түүнчлэн дөрвөлжин хашлага чулуун байгууламж дотор босгосон тус хөшөөнд малгай, хүний нүүр, нүдийг арвай хэлбэртэй дүрсэлсэн байдаг. Мөн шулуун хамар, уруул ам зэргийг дүрсэлсний зэрэгцээ гарыг цээж орчимд нийлүүлэн домбо хэлбэрийн сав барьж байгаагаар урлажээ. Бас түүний доор сэлэм дүрсэлсэн байна.

Уг хөшөө нь дүрслэлийн техник, хэмжээний хувьд Монголд төдийгүй Төв Азид олдсон хамгийн томд тооцогдох хүн чулуун баримал гэдгээрээ онцлог юм.

Анх 2008 оны наймдугаар сард Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, Томскийн их сургуулийн судлаачид Ховд, Эрдэнэбүрэн сумын нутагт археологийн хайгуул судалгаа хийхдээ олжээ.   

相关新闻