Үерийн дараах хор уршгийг арилгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай суманд уржигдар түр зуурын хүчтэй аадар бороо орж үерлэсэн хор уршгийг арилгахаар шуурхай ажиллаж байна.
Үерт 5 багийн 158 өрхийн 449 хүн өртжээ. Одоогоор хориод айл, өрхийг шинэ
суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад
байгааг ОБЕГ мэдээлэв.
Үерийн хор уршгийг арилгахад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 орчим ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн 1500 ам дөрвөлжин метр талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклыг ариутган халдваргүйтгэж, хуримтлагдсан лаг шаврыг зөөж байна. Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засаж, хүчитгэхээс гадна хохирлын үнэлгээ хийж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэн, лаг шаврыг цэвэрлэж байна.