Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг сорууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-27 14:34:44

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлд өглөөнөөс хойш орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг соруулж байна. 


Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог юм. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Өдөржин орсон борооны улмаас Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэгт ус тогтсон. ГУББГ, дүүргүүдийн ОБГ-ын дөрвөн бригад 20 хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын зөөврийн дөрвөн насостой ус соруулж байна. Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. Дунд голын усны түвшин нэмэгдсэнээр тухайн гол руу гаргалгаатай шугамуудын ус буцаж халих нөхцөл үүсдэг. Иймд түвшин бага, урсгалаараа удаан ус авдаг байршлуудад нэмэлт өргөн насос суурилуулан, худаг хийхээр төлөвлөж байна” гэжээ.


Нийслэлд энэ онд 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтыг үе шаттай хийж байгаа. Эхний ээлжид Төв цэнгэлдэх, Дарь-Эх, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан аж.


ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот орчмоор өнөөдөр 9:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй. Мөн маргааш, нөгөөдрийн үдээс хойш түр зуурын аадар орох төлөвтэй тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

相关新闻