БАЯНХОНГОР: 2689 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-27 15:15:34
Баянхонгор, 2024 оны зургаадугаар 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн хэмжээнд 2689 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгч байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн нэгдүгээр тойргийн хэмжээнд өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд 2689 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгч байгаа юм. Тодруулбал, Өвөрхангай аймгийн хэмжээнд 112 хэсгээс 147 чиглэлд гарч 1146 сонгогчийн, Архангай аймгийн хэмжээнд 105 хэсгээс 126 чиглэлд гарч 797 сонгогчийн, Баянхонгор аймгийн хэмжээнд 104 хэсгээс 148 чиглэлд гарч 746 сонгогчийн саналыг тус тус зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч байна.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэгдүгээр тойргийн /Архангай, Баянхонгор, Өвөрхангай/ есөн мандатад 17 нам, эвслээс 79, бие даан нэг хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Тус аймаг 56 мянга гаруй сонгогчтойгоос аймгийн төвд 20 мянга орчим нь амьдардаг аж. 

Сумдын 20 сонгуулийн хороонд 140, сумын сонгуулийн 104 хэсгийн хороонд 936 төрийн албан хаагч ажиллах бол нягтлан бодогч, архив бичиг хэрэг, мэдээллийн технологийн баг, даамал, цагдаагийн ажилтан, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэргээр сонгуулийн үеэр нийт 1425 хүн ажиллах юм.
相关新闻