Сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөхгүй байхыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-27 15:42:36

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тухайн хүний регистрийн дугаараар УИХ-д нэр дэвшигчдийн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа чөлөөтэй, нууцаар өгөх эрхээ бүрэн эдлэхийг ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц УИХ-ын ээлжит сонгуулийг даяар зохион байгуулахтай холбогдуулан хүний эрхийн анхаарал татсан асуудлаар мэдээлэл хийх үеэрээ онцлов. 


УИХ-ын энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс нийт 1,341 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын дарга, ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсэдсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээллүүд байна. Иймд сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, эвслүүд, түүний сонгууль эрхэлсэн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд анхаарч, зөвлөмж гаргажээ.


Тодруулбал,

-Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх

-Эмэгтэй улстөрчийг харлуулахад чиглэсэн мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн хувьд гутаан доромжлохгүй байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд аливаа хүйст хүндэтгэлтэй хандах


-Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөвөрлөхийг зогсоох, сонгуульд оролцохоос татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөх, хүний үзэл бодлыг үл хүндэтгэх

-Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүй, хөнгөлөлттэй үзүүлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, амлалт өгөх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх


-Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент түгээхгүй байх. Үүнд технологи хөгжүүлж буй хүн, хуулийн этгээд оролцохгүй байх

-Ухуулах байр, сонгуулийн сурталчилгааны материал, хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнд тохиромжтой байдлаар бэлтгэх, мэдээллийн хүртээмжийг хангасан байх


-Хүний хувийн мэдээлэл болох иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг цуглуулах, хууль бусаар ашиглахгүй байх

-Төгсөлт, ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архи, согтууруулах ундааг хэрэглүүлэхгүй байх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад онцгой анхаарах


-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх, хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх

-Ард түмнийг талцуулах, хуваагдал үүсгэх, үндэсний эв нэгдлийг бусниулах зэргээр хэт улс төржихгүй байх, үзэл бодол, бодлогын хувьд шударга ёсны зарчмыг баримтлахыг хүсье гэжээ.


ХЭҮК нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгахад хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөмж, шаардлага хүргүүлэн, өмнөх сонгуулиудаар гарч байсан зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. Тухайлбал, иргэдийн сонгох, сонгогдох эрх, сонгуулийн үед СЕХ, УБЕГ, ЦЕГ, уул, уурхай, эрдэс баялаг, ачаа тээвэрлэлтийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хэвлэл, мэдээлэл, олон улсын байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгуулан, зөвлөмж өгч, сонгогчдын эрхийг хангах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулжээ. ХЭҮК зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа, санал авах байрны орчин нөхцөлд нийслэлийн 9 дүүрэг, 20 аймаг түүврийн аргаар сонгон мониторинг хийжШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461, Баривчлах байр, Баривчлах төв, аймгийн төв дэх баривчлах байруудад ажиллаж байна.

相关新闻