Д.Оюунхорол:Идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар экспортлоогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-10 14:17:35

Идлэг шонхор шувууг 2013 оноос хойш арилжааны зориулалтаар экспортод гаргаагүй гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдээлэв.

Энэ сарын 07-нд Монголын мэргэжлийн анчдын холбоо (ММАХ)-ны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайд Д.Оюунхорол идлэг шонхорыг хууль бусаар хил давуулж байгаа талаар мэдээлсэн. Уг мэдээлэлд өнөөдөр БОАЖ-ын сайд тайлбар өглөө.

Тэрбээр, “БОАЖ-ын сайд нэг ч шонхор хилээр гаргах эрхгүй. Энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлдэг. 2013 онд Засгийн газраас Идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар экспортод гаргахыг хориглох шийдвэр гарсан. Харин Ойрхи Дорнодын бүс нутгаас ирэх төрийн өндөр, дээд айлчлалын үеэр бэлэглэлийн журмаар олгодог. Энэ жил Засгийн газрын хуралдаанаар идлэг шонхор бэлэглэх талаар нууц тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалаар ирж буй хүний аюулгүй байдлыг хангах үүднээс ирэх болон буцах өдөр, төлөөлөгчдийн тоо, хөтөлбөр зэрэг нь нууц байдаг. Үүнтэй холбоотой бэлэглэлийн шонхорын тоог ч нууцладаг. 2016 онд Ойрхи Дорнодын бүс нутгаас 4 албан тушаалтан айлчлал хийсэн. Тус бүс нутгийн өндөр албан тушаалтан 50-150 хүнтэй, 2-3 онгоцоор ирдэг. Ирээд онгоц буудлын төлбөр, зочид буудал, үйлчилгээ зэрэгт их хэмжээний орлого оруулдаг. Энэ оны 8, 9 дүгээр сард л гэхэд 15 тэрбум төгрөгийн орлого орсон. Мөн зочид бэлэглэлээр өгч байгаа шонхор шувууг хилээр авч гарахын тулд сумын болон орон нутгийн төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг.

Нөгөө талаас сүүлийн 10 гаруй жилд Ойрхи Дорнодын бүс нутгаас Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Тайширын усан цахилгаан станц барихад 13 сая ам.доллар, “Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төв” байгуулахад 3.4 сая ам.доллар, Хэнтий болон Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 360 сая ам.долларын тоног төхөөрөмж олгосон зэргийг дурьдаж болох юм. Түүнчлэн Түлэнхийн төв барихад зориулж 7 сая ам.доллар, Хэнтий аймгийн нисэх онгоцны буудал барихад 12 сая ам.долларын хөрөнгийг шийдвэрлэсэн. Тиймээс хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын зөрчлөөс болж Ойрхи Дорнодын бүс нутгаас өндөр, дээд хэмжээний хийж буй албан тушаалтнуудыг гүтгэж болохгүй” хэмээв.

Өнгөрсөн онд ММАХ-ны тэргүүн Д.Хурцгэрэл БОАЖ-ын сайдтай уулзахдаа идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар экспортод гаргах хэрэгтэй гэсэн санал хэлж байжээ. Гэвч тухайн үеийн удирдлагууд уг саналыг нь хүлээж аваагүй. Д.Хурцгэрэл нь өөрөө идлэг шонхор экспортод гаргах хүсэлтэй бөгөөд яамнаас зөвшөөрөл өгөөгүй тул өөрийн ашиг сонирхлын үүднээс БОАЖ-ын сайдыг гүтгэж байна хэмээн БОАЖЯ-ны  Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба хэллээ.

Тиймээс БОАЖ-ын сайд болон тус яамны нэр хүндэд халдаж, үндэслэлгүйгээр гүтгэсэн ММАХ-ны тэргүүн Д.Хурцгэрэл нарыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулах болжээ.

Ч.Ариунболд

相关新闻