БАЯНХОНГОР: Өлзийт сумын 100 жилийн тэгш ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-08 07:57:41

Баянхонгор, долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Цэцэрлэг мандал уулын аймгийн Баянзүрхийн хошууг 1924 онд сумдын зохион байгуулалтад оруулсны нэг нь Өлзийт. Тус сумын 100 жилийн тэгш ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн баяр наадмыг долоодугаар сарын 19-21-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлоод байна.


Өлзийт сумын төв нь Баянхонгор аймгийн зүүн урд хэсэгт 18 км, Улаанбаатар хотоос 600 км зайд оршдог. Нутгийн зүүн хэсгээрээ Өвөрхангай аймгийн Уянга, Нарийн тээл, Баруунбаян-Улаан сум, урд хэсгээрээ өөрийн аймгийн Богд, Жинст сум, баруун хэсгээрээ Баян-Овоо сум, хойд хэсгээрээ Эрдэнэцогт сумдтай тус тус хиллэдэг.

Өлзийт сум нь байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүхэн дурсгалт газрууд, ховор ан амьтад, ургамлын төрөл зүйлээр баялаг, хангай, тал хээр хосолсон 385283 га бүхий өргөн уудам нутагтай. Хүн амын тоогоор аймагтаа эхний 3дугаарт, газар нутгийн хэмжээгээр 15 дугаарт, хүн амын нягтралаар дундаж буюу 0,98 хүн /га/ сум юм.


Сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь далайн түвшинээс дээш 1500-2000 м өргөгдсөн бөгөөд хамгийн өндөрлөг газар болох Баяндаваа 3300 м, нам дор газар болох Хавхаастай 1300 м өргөгдсөн байдаг. Хангайн нурууны салбар уулсын дунд цагаан нурууд, уудам тал хээр, уулархаг аараг, толгод хосолсон нутагтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой бүс нутаг.

Ан амьтан, ургамал. Ховор ан амьтдаас аргаль, янгир, буга, шилүүс, суусар, нохой зээх, дорго, саарал чоно, шар үнэг, тарвага, чандага зэрэг нь элбэг байх ба нутгийн баруун хэсэгт цагаан зээр, хар сүүлт тохиолдох нь бий. Мөн хойлог, ахун, тас, хун, галуу, цармын бүргэд зэрэг ховордсон олон төрлийн жигүүртэнтэй. Харгана, бударгана, арц зэрэг модлог болон бутлаг ургамал, юмдүүжин, алтан гагнуур, нохойн хошуу, жамъянмядаг, манжингарав, гишүүнэ, говийн ганга, дагуур тарваган шийр, лидэр, эгэл гоньд, зэрлэг цахилдаг, эрээн гомбо зэрэг эмийн ургамал, хад, тошлой зэрэг жимс элбэг ургадаг онцлогтой.

Ойн сан бүхий 972 га газраас байгалийн ой 880 га, тармаг ой 92 га талбайг хамарна. Ойн гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүний хувьд “Шинэс” мод зонхилж, улиангар модод харьцангуй бага тархалттай ургасан байна.

Сумын алдартнууд:
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар:

Цэгмидын Чимэд /Шарын голын уурхай их даацын “Белаз” машины засварын механикч, уурхайчин/

Монгол Улсын “Ардын” цолтон:
Сэмбийн Гончигсумлаа /Хөгжмийн зохиолч, ардын жүжигчин/
Гончигийн Лхаахүү /Ардын багш/

Монгол Улсын Төрийн шагналтан:
Шадавын Лувсанвандан /Монгол хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Академич/
Сэмбийн Гончигсумлаа /Хөгжмийн зохиолч/
Гончигийн Бирваа /Хөгжмийн зохиолч/
Цэвэгдоржийн Цэмбэл /Аж үйлдвэрийн комбинатын эсгүүрчин, анхны ударник/
Дондогийн Цэрэнсоном /ХАА-н ухааны доктор, зоотехникч/

Монгол Улсын “Гавьяат” алдар цолтон:
Ц.Шаравнямбуу /Сургуулийн анхны багш, захирлуудын нэг, Монгол улсын анхны гавьяат багш/
Шадавын Лувсанвандан /Анхны сурагч, Монгол улсын төрийн шагналт, гавьяат багш, доктор, профессор, Академич/
Ёндонгийн Бадамдорж /Гавьяат хуульч/
Гончигийн Бирваа /Урлагийн гавьяат зүтгэлтэн/
Жамбын Бямба /Геологийн ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат ажилтан/
Сэмбэ Гончигсумлаа /Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн/
Сангидоржийн Луумаа /Гавьяат багш/
Гончигийн Лхаахүү /Гавьяат багш/
Доржийн Нармандах /Гавьяат тамирчин/
Гончигийн Цулбуур /Эрүүлийн хамгаалахын гавьяат ажилтан, их эмч/...


Өлзийт сум Замын хашаат, Булган уул, Түйн бор балгас, Бийрийн хөндийн буган чулуу, Хийдийн туурь, Хөшөөтийн буган хөшөө, Дөрвөн баатрын хөшөө, Ээжийн цагаан хөшөө, Гэгээний лата зэрэг түүхэн дурсгалт газруудтай. Шататын агуй, Уушгийн хад, Бага Шаргалжуут, Балин чулуу, Сэнжин цохио, Тэвшийн хүрэм, Тэмээн таваг, Гялгарын хавцгай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай хосгүй сайхан нутаг юм.












相关新闻