“Торгоны зам”-ыг сонирхогчид Улаанбаатарт чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-10-11 13:01:06

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/-тай, БОАЖЯ  хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт “Торгоны зам”-ын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Анх 2015 оны 6 дугаар  сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын  сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын “Торгоны зам”-ын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, олон улсын аялал жуулчлалын зах зээлд уг брэндийг “өмчилж авахад” хурлын гол зорилго оршиж байна. Мөн тус хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно. Мөн хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгч оролцох бөгөөд Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор 1 тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагаар дамжуулан оруулна. Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байр идэвхжинэ. Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой. Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орон, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдана. Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болох зэрэг олон талын ач холбогдолтой.

Үүний зэрэгцээ Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулж өгөх юм. Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно. “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” /WCSDA/ олон улсын байгууллагаас өөрийн байгууллагын 2016 оны ээлжит хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг холбогдох талуудад тавьж, харилцан тохиролцсоноор энэ хоёр хурлыг нэгтгэн “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг хуралд “Торгоны зам”-ын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ-ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй зочин төлөөлөгч оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.

Олон улсын бага хурлаар “Торгоны зам” дахь аялал жуулчлалаас нүүдлийн соёл иргэншлийг онцгойлон ярилцах бөгөөд Монгол Улс цаашид уг төслийн тэргүүлэгч орон байх боломжийг бүрдүүлж, жуулчдыг олноор татан, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн олон салбарт өсөлт гарах юм.

Д.Өлзий

相关新闻