“Даншиг-Хүрээ цам 2024” наадмаар таван тансаг идээний үзэсгэлэн зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-29 14:34:16

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Даншиг-Хүрээ цам 2024” наадам ирэх сарын 3, 4-нд Хүй долоон худагт болно.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг эл наадам Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой юм.


Уг наадамд монгол туургатан ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хүчит бөхчүүд ирж оролцоно. Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, буриад болон өвөрмонгол бөхөөр тус бүр 64 хүчтэн барилдана. Түүнчлэн лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Очирваанийн тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх үйл ажиллагаа болох ажээ.


Мөн “Улаанбаатар 385” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, жороо мориноос гадна хоёр насны хурдан морины уралдаан, морьт харвааны тэмцээн, шагайн харвааны тойром, үндэсний сур харваа болон сээр цохих тэмцээн зохион байгуулахаас гадна таван монгол үндэстний таван тансаг идээний үзэсгэлэн худалдааг явуулахаар бэлтгэжээ.

НАЖГ-ын дарга Д.Батсүх ярихдаа, "Наадмын бэлтгэл ажил 90 хувьтай байна. Энэ удаагийн наадмаар өнгөрсөн жилийнхээс их жуулчин ирэх төлөвтэй байна. Наадмаар 15 төрлийн тэмцээн уралдаан, үзүүлбэр үзэгчдийн сонорыг мялаах юм" гэв. 



相关新闻