Гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-08-01 14:39:01

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол-Хятад-Оросын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.


Уг хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах Хамтарсан хорооны дөрөвдүгээр хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод гурван талын Зам, тээврийн дэд сайд нарын түвшинд зохион байгуулсан талаар ЗТЯ-наас мэдээллээ.


Хамтарсан хорооны хуралд Монгол Улсаас ЗТЯ-ны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцов. Хурлаар Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан олон улсын автотээврийг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн гурван талын хамтарсан хорооны хурлаар:

  • Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замаар хийж буй тээвэрлэлтийг дэмжих,
  • БНХАУ-ын  Далянаас Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү чиглэлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зорчигчийн тогтмол бус тээврийн маршрут нээх,
  • олон улсын ТИР тээврийн баталгааны хэмжээг нэмэгдүүлэх,
  • автотээврийн байгууллагуудын гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.


Мөн энэ үеэр Зам, тээврийн яамны төрийн нарийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Зам, тээврийн яамны орлогч сайд Ли Янтай уулзаж, Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын зам, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, ойрын хугацаанд тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.

 

相关新闻