БНХАУ-ын Ляонин мужийн Ортопедын эмнэлгийн эмч нарыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. УНТЭ-ийн удирдлагууд БНХАУ-ын Ляонин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нарыг энэ сарын 12-нд хүлээн авч уулзав.
Тус эмнэлэг үе мөч, зөөлөн эдийн гэмтэл зэрэг ясны бүх төрлийн өвчнийг мэсгүйгээр эмчлэх хятадын уламжлалт анагаах ухааны аргыг эмчилгээндээ ашигладгаараа Хятад улсдаа танигдсан байна. Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, туршлага хуваалцав.
Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа болон БНХАУ-ын Ляонин мужийн Хайшэнг хотын Ортопедын эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч, профессор, БНХАУ-ын Хөдөлмөрийн баатар Ма Фа Юунь, тус эмнэлгийн зүүний эмч, профессор Жөнг Гуан Чуань болон холбогдох албаны хүмүүс байлцав.