Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-16 08:33:53

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлтийн дагуу Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх хяналтын сонсголыг энэ оны 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулахаар, тус сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн бол хяналтын сонсгол зохион байгуулахыг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулж, төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргасан юм.


Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 62.5 хувь нь дэмжив.

相关新闻