Солонгосын алдарт бөх Чой Мин Хо Монголд иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн жүдогийн ертөнцөд өөрийн нэрээр нэрлэсэн “Чой үүрээ” мэхээрээ алдартай Солонгосын алдарт жүдоч Чой Мин Хо Монголд иржээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай өрсөлдөн ялж, ялагдан нөхөрлөж явсан тэрбээр найзынхаа урилгаар ирсэн нь энэ. Түүний хувьд “Мон-Алтиус Цагаанбаатар” академид түр багшлах бөгөөд өөрийн чадвар, туршлагаасаа Монголын өсвөрийн жүдочидтой хуваалцах гэнэ.
Чой Мин Хо аварга 2004 оны Афины олимпоос 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд Х.Цагаанбаатартай хамт шагналын тавцанд зогсож байв. Харин түүнээс дөрвөн жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпод бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар мөрөөдөлдөө хүрч, олимпын аварга болсон юм. Үүнээс гадна 2003 оны ДАШТ түрүүлж, 2007 онд хүрэл медалиар энгэрээ мялаасан байдаг. Түүнчлэн Азийн наадмаас найман жилийн зайтай хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
43 настай түүний алдарт аваргын “Чой үүрээ” мэхийг өдгөө Олон улсын жүдо бөхийн холбооноос хориглосон байгаа юм.