Д.Чойжилжав: А.И.Филатова даргын хүсэлтээр Хуримын ордон бас гэрт нь хивс нэхэж өгч байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/66c59ee15e15c.jpeg)
Баян-Өндөр,
2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Энэ жил Эрдэнэт хотыг бүтээн босгохоор ирсэн “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой”
тохиож байна. 1974-1978 онд Эрдэнэт хотод Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл,
Эвлэлийн төв хорооны илгээлтээр мянга, мянган залуус шинэ хот, шинэ үйлдвэрийг барихаар томилогдон ирж байсан юм.
Энэ үед Эрдэнэт хивс, Эрдэнэт хүнс, Улаантолгойн сангийн аж ахуй зэрэг томоохон
үйлдвэрүүдийг барьж байлаа. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцсон залуусыг
өдгөө анхдагчид, илгээлтийн эзэд гэж хүндэтгэдэг юм. Эрдэнэт хивсний үйлдвэрийн
анхдагч, зураач Д.Чойжилжавтай уулзлаа.
-Юуны өмнө танд анхдагч,
илгээлтийн эздийн 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе. “Эрдэнэт хивс” –ний
үйлдвэрт анх ажиллаж байсан үеэс тань ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа. Залуу насаа дурсах, хамт олноо ярих,
ид хөдөлмөрлөж байсан үеэ хуучлах сайхан
боломж олдлоо гэж бодож байна. Би
Улаанбаатар хивсний үйлдвэрийн анхдагч. Тэнд ажиллаж байгаад Ноос, нэхмэлийн
үйлдвэрийн нэгдэлд шилжин ажиллаад удаагүй байх үедээ Эрдэнэт хотод томилогдож
ирсэн. Тухайн үед Эрдэнэт хивсний үйлдвэр ашиглалтад орох гээд боловсон хүчнээ
бэлтгэх, техникийн тохиргоогоо хийж байсан үе юм. Ингээд 1979 онд залуу
дадлагажигчдыг аваад ЗХУ-руу 45 хоногийн
сургалтад хамрагдаад ирлээ. Ирэнгүүтээ л Улаанбаатар луу ажилдаа очтол Хөнгөн,
хүнсний үйлдвэрийн яамны орлогч дарга Г.Дүгэрсүрэн гуай дуудаад, “Чи яах гээд буцаад ирсэн юм. Тэр үйлдвэрийг
ашиглалтад ортол нь бай, би чамд хоёр жилийн томилолт өглөө” гэдэг байгаа. Надад
үгүй гэж эсэргүүцэх эрх байсангүй. Буцаад 1980 онд Эрдэнэт хотод нэг мөр ирлээ.
Эрдэнэт хивснийхээ анхны “Зохион бүтээх товчоо” –г байгуулж таваас зургаан
хүнтэй ажиллаж эхэлсэн.
-Эрдэнэт
хивс 1981 онд ашиглалтад орсон байх аа? Анх ямар хүчин чадалтай үйлдвэр хүлээж
авав?
-Өө ёстой сайхан үйлдвэр байсан. Улаанбаатар хивсний
үйлдвэрээс хоёр дахин том, техникийн хүчин чадал нь их өндөр. Сүүлийн үеийн
техник, тоног төхөөрөмжтэй, 1000 гаруй ажилтантай байлаа. Гэхдээ Улаанбаатар
хивсний үйлдвэрийг бодоход бүдүүн утсаар хивсээ нэхдэг байсан. Хивсээ нэхэхдээ мяндас,
хонины ноос хольж байсан бол сүүлд дан хонины ноос ашигладаг болсон. Би тухайн
үед “Зохион бүтээх товчоо”-ны дарга, инженерээр ажилладаг байв. Манай баг шинэ
бүтээгдэхүүн гаргах, зураг төслийг нь батлах, олон улсын үзэсгэлэн худалдаанд
оролцох, үйлдвэрийнхээ ашиг, орлогыг нэмэх, эх орныхоо нэрийг өндөрт өргөх
хүндтэй үүрэг хүлээж байлаа. Шинээр үйлдвэрлэсэн
хивснүүдээ экспортод гаргаж үзэсгэлэн, яармагт оролцож бүтээгдэхүүнд маань ч шагнал авч эхэлсэн. Ер нь манай үйлдвэр улсдаа
дээгүүрт жагсдаг байсан.
Тэгсэн 1981 оны сүүлээр манай агуулах бүр дүүрээд. Бидний
үйлдвэрлэсэн хивсийг гадуур худалдаанд гаргадаггүй байсан учир экспорт зогсох
юмуу багасахаар агуулах дүүрчихнэ. Тэгэхээр
нь манай хивсний үйлдвэрийн дарга Ж.Дэлгэрцэцэг бид хоёр Москва хотод болох
олон улсын үзэсгэлэнд нөгөө хивснүүдээ борлуулахаар хэдэн вагонд ачаад гараад
явлаа. Арван дөрвөн хоногийн турш үзэсгэлэнд оролцож, зарахыг нь зарж гэрээгээр
борлуулахыг нь борлуулж агуулахаа нэг “хоосолж” байлаа.
-Эрдэнэт хивсний үйлдвэрт ирээд анх зурж, нэхэж
байсан хивс чинь ямар хивс вэ?
-Тухайн үед Эрдэнэт хотод илгээлтээр ирж байсан хүмүүс
монгол гэрт байрлаж байв. Тэд эхнээсээ айл болж өрх тусгаарлахыг хараад монгол
гэрт тохирсон “Өргөө” хивсийг нэхсэн. Тэгсэн нэлээн борлогдоод хүмүүс ам сайтай
байна. Гэтэл орон сууцанд амьдарч байсан залуус, хотын тавилга, байшинд
зориулсан хивс гаргаач гээд. Ингээд
буйдан, сандал дээр тавих тавилгын хивс нэхлээ. Дараа нь газар дэвсэх
бөөрөнхий, том, том тавилгын урд тавих жижиг хивснүүд нэхэж эхэлсэн. Нэг өдөр, Ж.Дэлгэрцэцэг
дарга дуудаад, “Чойжоо, энэ манай хивснээс гарч байгаа хаягдал ноосыг яаж
ашиглах вэ, энүүгээр нэг юм хиймээр байна. Чи тооцоо энэ тэрийг нь гаргаадхаач
гээд”. Тэр үед манай нэхсэн хивснээс маш их хаягдал ноос гарч хүмүүсийн хувцсанд
наалдаад байсан учир тэрийг эргүүлж ашиглах нь зөв байсан л даа. Ингээд тэр хаягдал
ноосоор газар дэвсэх “Хангал” брэндийн хивсийг бүтээсэн. Урт коридорт тохирох
дэвсгэр хивс харин ч бүр их борлогдсон. /инээв/
-Та
бас “Чингис” брэндийн хивсний зургийг гаргасан байх аа?
-Тиймээ. Нэг өдөр манай дарга дуудаад, “За Чингисийн ой болох гэж байна. Уран зураг, урлаач нар янз бүрийн бүтээл хийж байна. Чи нэг хивс нэхвэл яадаг юм” гэсэн. Ингээд би судалж, судалж 12 жилтэй, бөртэ чоно, гоо маралыг оруулсан 170х240 хэмжээтэй Чингис хааны хөрөгтэй хивс бүтээсэн. Би аливаа бүтээлдээ монгол агуулга, монгол уламжлалт хээ, угалз оруулахыг хичээдэг байсан учраас “Чингис” хивсийг бүтээхдээ олон хоног бодож, судалж хийж байлаа.
-Бас Ж.Гүррагчаа
баатрыг сансарт нисэхэд нь зориулж хивс нэхэж байсан гэдэг. Хэн танд ийм
даалгавар өгсөн юм бэ?
-Тэр их сонин. Монгол
хүн сансарт ниснэ гээд улс даяараа л баярлаж байсан үе. Нэг өдөр хотын намын
хорооны дарга ирээд миний ажиллаж байсан Ноос, нэхмэлийн нэгдлийн дарга С.Бавуусүрэнд үүрэг өгөөд, 125 гр-аас ихгүй,
сансрын хөлгийн эмблэмийг харуулсан хивс нэх гэжээ. Ардын зураач Б.Гомбосүрэнгийн
эх зургаар ердөө 125 гр-ын хивс нэхэх даалгавар ирж дарга намайг очиж хий
гэлээ. Ингээд Улаанбаатар хивсний Үйлдвэрчний эвлэлийн даргын өрөөнд Монголдоо
хамгийн сайн гар нэхмэлчин нэг эмэгтэй бид хоёр өглөөний наймаас орой таван цаг
хүртэл цоожтой өрөөнд “Союз 39” хөлөгт зориулж хивс нэхлээ. Бүдүүн утсыг задалж
бүр нарийсгаж байгаад л нэхсэн. Тэгсэн 100-хан грамм боллоо. Тэр хивсийг Ж.Гүррагчаа
баатар “Союз 39” хөлөгтөө орохдоо гартаа бариад орж байгааг зурагтаар хараад их
баярласан. Маш их догдолсон.
-Өөр
сонин, содон тохиолдлоор хивс нэхэж байв уу?
-А.И.Филатова дарга нэг өдөр дуудаад, “Гэрлэх ёслолын
ордонд хивс нэхээд өгөөрэй” гэлээ. Улаанбаатар хивсэнд хамт ажиллаж байсан н.Түмэнбаяр
бид хоёр хивсний эх зургаа гаргаад нэхэж өглөө. Дараа нь А.И.Филатова гуай гэртээ сайхан хивстэй
болмоор байна, манайд хүрээд ирээч гээд. Гэрт нь орсон чинь оготны нүх шиг
жижиг, жижиг олон өрөө байлаа. Их олон. Тэнд нь зориулж бас хивс нэхсэн. Миний
хувьд эдгээр тохиолдлууд их бэлгэшээлтэй, сайхан байдаг. Энэ үеийг дурсах дуртай.
-Та Эрдэнэт
хивсний үйлдвэртээ хэдэн жил ажилласан бэ? Таныг Амарбаясгалан хийдэд нярав
хийхээр явахад чинь олон хүн гайхаж байсан гэдэг.
-Гайхалгүй яахав /инээв/. Эрдэнэт хивсэндээ сарын 950 төгрөгийн цалинтай байсан
хүн ажлаасаа гараад хийдэд няраваар сарын 50 мянган төгрөгийн цалинтай ажилд орчихоор
хүн бүр л гайхна биз дээ. Тухайн үед манай
дарга Ж.Дэлгэрцэцэг УИХ-ын гишүүн болоод явчихсан. Үйлдвэрийг хэн удирдах нь тодорхойгүй
байв. Тэгсэн хотоос хүн томилох нь гэдгийг сонсоод манай хэдэн ажилтан, инженер
техникч нар маань бухимдаж дотроосоо үйлдвэрээ сайн мэддэг хүн сонгомоор байна
гээд бүр яам руу хүртэл бичиг өргөн барьж байсан үе. Тэр үед Сэлэнгэ аймгийн
Амарбаясгалан хийдийн хамба лам манай үйлдвэрээр лам нарын олбог нэхүүлдэг байсан
учир намайг сайн танина. Тэгээд, чи энд ингэж бухимдаж байхаар манай хийдэд
ажиллаач гэхээр нь шууд л зөвшөөрчихсөн. Ерөөсөө ч эргэлзээгүй. Тэгээд хийддээ
ирээд өдий хүртэл ажиллаж байна. Эрдэнэт хивсэнд 1980-1991 он хүртэл ажилласан.
-Та Улаанбаатар,
Эрдэнэт хивс гэсэн хоёр том үйлдвэрийг бүтээн босгоход гар бие оролцсон. Хивсний
техникч гэдэг мэргэжлийг эзэмших болсон хамгийн гол шалтгаан юу байв?
-Би анхнаасаа ийм
мэргэжил эзэмшинэ гэж бодоогүй ээ. Дундговь аймагт бүрэн дунд боловсрол
эзэмшээд Биеийн тамирын дээд сургуульд ороё гэж хуваариа бичүүлсэн чинь манай ангийн нэг хүүхдийн гэр нь шатаад түүнд
боломж олгоё гэж ангиараа ярилцаад тэр хуваарийг өгсөн. Ингээд би гадаадын Цэргийн
дунд сургуульд явахаар болж эрүүл мэндийн үзлэгт ортол нэг нүд хараагүй учир
тэнцсэнгүй. Бас хөлийн нум муу байна, явган алхаж чадахгүй гээд хасагдчихлаа.
Тэгээд тэнцээгүй хүүхдүүдийг Дээд боловсролын хороо руу шилжүүлсэн. Бараг хоёр
сар хүлээлээ. Нэг өдөр Дээд боловсролын хорооноос дуудаж байна гэхээр нь яваад
очтол Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны боловсон хүчин н.Дэмбэрэлсоном гуай, “За
чи юу сонирхдог вэ?” гэлээ. Техник гэж хариуллаа. “-Чи хаана сурмаар байна ?”
гэж байна. “-Гадаадад л хуваарилагдах юм чинь хамгийн хол руу нь л явъя”
гэчихлээ. Зааланд байсан дарга нар бүгд инээлдээд, “Хамгийн хол нь Москва хотод
хивсний техникчийн анги байна. Авах уу?” гэв. “Өө явъя, явъя” гээд
зөвшөөрчихлөө. Ингээд дөрвөн монгол оюутан Москва явлаа. Тав хоног вагоноор
яваад Каленины нэрэмжит Зураг, урлалын дээд сургуульд элсэн орлоо. Оюутны
дотуур байрандаа ортол энд, тэндгүй цаас хөглөрсөн, ерөөсөө зураг л зурсан
хүүхдүүд. Бүр гайхаад хивсний техникч л болно гэж бодсон хүмүүс чинь бас зураг
зурах нээ гээд сандарлаа.
-Та зураг зурдаг
байсан юмуу?
-Шугам зураг л гэхээс. Уран зураг зурж байгаагүй. Ингээд
багш нартаа гологдоод болдоггүй ээ. Сүүлдээ Элчин сайдыг сургуулиас дуудаад,
энэ хүүхдүүдээ ав гээд. /инээв/ Сайд ирээд биднийг эхлээд загнаад. Олигтойхон сураач, эх
орныхоо нэрийг бод. Яаж наашаа ирлээ дээ гээд. Сургуулийн захиргаанд болохоор, манай монголд ийм сургуульд ур чадварын
шалгалт авдаггүй ээ, тиймээс энэ хүүхдүүд шалгалт өгөөгүй учир эхнээсээ
мэдээгүй. Та бүхэн энэ нөхцөлийг нь ойлгоод тусалж, дэмжээч гэж гуйсан байгаа
юм. Тэгээд нэг юм сургуульдаа үлдээд өглөө наймаас орой 5 цаг хүртэл ачаалал
ихтэй хичээллэсэн дээ. Дөрвөн жил сураад Монголдоо ирсэн.
Тэр үед бас нэг үйл явдал ерөөсөө мартагддаггүй юм. Би гадагшаа
яваад анх удаа зуныхаа амралтаар гэртээ харихаар болж бөөн баяр явлаа. 1966 онд
галт тэрэгнээсээ дөнгөж буунгуут нөгөө айхтар үер буучихсан, хот тэр аяараа
үерт автаад хүндхэн дүр зураг угтлаа. Биднийг галт тэрэгнээс буунгуут шууд
үерийн дайчилгаанд гээд ачаад явсан. Норсон барааг ялгах ажилд хуваарилаад 14 хоног
ажилласан юм. Юун гэртээ харьж аав, ээж дээрээ очих. 14 хоног ажилласаны дараа Дундговь аймаг
руугаа явж билээ.
-Сургуулиа
төгсөөд хаана хуваарилагдсан бэ?
- 1969 онд төгсөөд Ноос, нэхмэлийн үйлдвэрт хоёр сар
дадлага хийсэн. Тэгсэн Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд С.Цэвээн
манай төгсөлтийн н.Бадамдорж бид хоёрыг дуудаад, “Улаанбаатар хивсний үйлдвэр
байгуулагдах гэж байна. Та хоёр Герман явж дахиад мэргэжил дээшлүүлээд ир”
гэлээ. Бид хоёр дөнгөж ирээд удаагүй байсан учир явмааргүй байна аа гэтэл,
С.Цэвээн дарга, ийм боломж хүн бүрт олдоод байхгүй. Үйлдвэр ашиглалтад ороход
бүх зүйл бэлэн байх ёстой яв” гэлээ. Ингээд бас Герман явлаа. Тэндээс олон зүйл
сурсан. 1971 онд Улаанбаатар хивс ашиглалтад орж эхний тоног, төхөөрөмжийг суурилуулахаас
эхлээд ажилласан. Үйлдвэрийнхээ “Зохион бүтээх товчоо”-д орж ажиллаад туршилтын
нэхмэлүүдээ гаргаж эхэллээ. Тэгсэн 1972 онд Ноосны үйлдвэрийн нэгдэл, Оёдлын
үйлдвэрийн нэгдэл, Арьс, ширний үйлдвэрийн нэгдлийг цомхотгож нэтгэлээ. Мөн Улаанбаатар
хивсний “Зохион бүтээх товчоо”-г Ноос, нэхмэлийн нэгдэлтэй нэгтгэж орны даавуу,
хөнжил, ноосон хөнжил, хувцас оёж эхэллээ.
-
Ноос, нэхмэлийн нэгдэлд нь ямар үйлдвэрүүд харъяалагдаж байсан бэ?
-Улаанбаатар хивс, Хөвсгөлийн Хатгалын ноос угаах
үйлдвэр, Баян-Өлгий ноос угаах үйлдвэр, Дорнодын ноос угаах үйлдвэр зэрэг 14
үйлдвэр харъяаладдаг байсан. Дорнодод
хивсний үйлдвэр байгуулсан ч ардчилалал гарах үед устгачихсан. 1960,1970 онд
Монгол улс аж үйлдвэрийн орон байлаа. Энд, тэндгүй үйлдвэр байгуулагдаж
экспортод чиглэсэн сайхан бүтээгдэхүүнүүд гаргаж байсан юм. Харамсалтай нь
ардчиллын үед олон үйлдвэр зогссон.
- Улаанбаатар
хивсний үйлдвэрт ороод анх ямар загвар гаргаж байв та?
-Тэнд ажиллаад удаагүй
байтал П.Дампин сайд дуудаад, “Д.Сүхбаатарын
хөргийг нэхмээр байна. Хивсний шинэ үйлдвэртэй болсоных сайхан хөрөг хивс
нэхээч” гэлээ. Ингээд Д.Сүхбаатарын хөрөг хивсээ нэхээд П.Дамдин сайд бид хоёр Ю.Цэдэнбал даргад
үзүүллээ. Их сайшааж байнаа. Дараа нь Ленины музейд Лениний хөрөгтэй хивс нэх гэсэн даалгавар ирлээ. Анх удаа машинд хүний
хөрөгтэй хивс нэхэж үзсэн маань тэр юм. Ингэж л ажлын гараа маань эхэлж байлаа.
Би хивсний үйлдвэрт ажилласнаас хойш нийт 50 гаруй хивсний хээ, загварыг
гаргасан байна. Олон бүтээгдэхүүн маань үзэсгэлэн, яармагаас шагнал хүртэж,
олон айл хивсийг маань дэвсэж, ханандаа өлгөж, хурим найрынхаа хамгийн хүндтэй,
үнэтэй бэлэг болгон өгдөг байлаа. Хийж буй ажлаараа бахархаж бас хаанаас нь ч харсан
монгол хивс байна, монгол хээ, угалз байна, монгол агуулга байна гэж хараасай
гэж бодсоны үндсэн дээр хуучны хээнүүдийг судалж хивсэндээ оруулахыг хичээдэг
байлаа. Эрдэнэт хивс, Улаанбаатар хивс гэсэн хоёр том үйлдвэрийн анхдагч болж
ингээд ярилцлага өгөөд сууж байгаадаа бас баярлаж байна.
-Танд бас маш их баярлалаа. Эрдэнэт хотоос зориод ирэхэд минь угтаж аваад ярилцлага өгсөнд. Мөн Эрдэнэт хотын түүхийг бүтээхэд гар бие оролцож өдгөө эх орныхоо нэрийг дуурсгасан Эрдэнэт хивс компанийг үүсгэн байгуулсанд талархаж байна. Танд аз жаргал хүсье.