Нүдний эмчид жилд хоёроос доошгүй удаа үзүүлж байхыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ"Дэлхийн хараа хамгаалах өдөр"-ийг угтан өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод харааны чадварыг хамгаалах нээлттэй өдөрлөг зохиогдож байна.
Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд нүдний эмч нар үзлэг үнэгүй хийж байна.
-Нүдний хараа бол хүний нэн чухал эрхтний нэг мөн. Чихрийн шижин болон бусад янз бүрийн өвчин, гэмтлийн улмаас дэлхий, манай улс аймгийн хэмжээнд ч гэсэн хараа муутай хүний тоо сүүлийн арван жилд эрс нэмэгдэж байна. Хөдөө амьдардаг иргэд элдэв үйлдлийн улмаас нүдэндээ бага зэргийн гэмтэл авахдаа түүнийг тоохгүй яваад яваандаа хараагүй болдог тохиолдлууд бий. Нүд өвдсөн, өвдөөгүй ч нүдний эмчид жилд хоёроос доошгүй удаа харуулан зөвлөгөө, туслалцаа авч байх хэрэгтэй. Компьютер, телевиз, телефон руу удаан хардгийн улмаас хүүхэд залуучуудын хараа муудаж байгааг анхаарвал зохино гэж нэгдсэн эмнэлгийн нүдний эмч А.Жанбота зөвлөж байна.
Ш.Айзаря