“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хянах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөтөлбөр хоорондын уялдааг сайжруулахыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн М.Мандхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүргийн талаар мэдээлэв. Тухайлбал, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлэн, улсын хэмжээнд шинээр 5637 хоршоо байгуулж, гишүүнээр нь 58 мянган малчин элссэнээс одоогоор 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна.
Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар
хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн
хөрөнгийг нэмэн, нөөц сан бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон
хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг
тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарахыг ажлын хэсгийн ахлагч тодотголоо. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн
эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө
оруулалт, санхүүжилт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн
шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэх зорилгоор “Цагаан алт”
хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэг зорилт гэдгийг онцолсон юм.
Тэрбээр, арьс
шир, ноос ноолуурын боловсруулалтын түвшин, экспортын хэмжээг нэмэхтэй
холбоотой зарим мэдээллийг танилцуулав. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөн өрнүүлснээр 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428
нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас
хөнгөлөх жагсаалтыг батлан гаргаад
байгаа. Уг жагсаалтад “Шинэ
хоршоо” хөдөлгөөний малчид,
хоршоодод шаардлагатай тоног, төхөөрөмжийг нэмж оруулахаар зарчмын зөрүүтэй санал боловсруулж байгаа аж.
Түүнчлэн, “Хүнсний
хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбарт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Мөн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд
үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог
эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна
эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болохыг УИХ-ын гишүүн, ажлын
хэсгийн ахлагч М.Мандхай тодотгосныг
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээлжээ.