Онцгой байдлын алба хаагчид шүхрийн тэмцээнээс хос мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-21 14:16:10

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, ахлах дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид ОХУ-д зохион байгуулсан Н.Е.Глазовагийн нэрэмжит цомын аварга шалгаруулах Байгаль нуур орчмын тэмцээнд амжилттай оролцлоо. 


Тодруулбал, Агаарын ажиллагааны салбарын шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Б.Болд цэгт онолтын төрөлд 0.6, 0.3, 0.18 гишгэсэн амжилтаар шүхрийн спортын дэд мастерын болзол хангав. Мөн салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Б.Тэлмэн цэгт онолтын төрөлд хувийн амжилтаар дэд байр эзэллээ.



Харин багийн амжилтаар ахлах дэслэгч Б.Болд, ахлах дэслэгч Б.Тэлмэн, ахлах ахлагч С.Буянтүмэн нар дэд байрт шалгарсан бол ахлах дэслэгч Б.Тэлмэн хос мөнгөн медаль хүртэв. Ингэснээр шүхрийн спортын түүхэнд 30 гаруй жилийн дараа гадаад улс оронд зохион байгуулагдсан тэмцээнээс медаль авсан түүхэн үйл явдал болж байгааг ОБЕГ мэдээлжээ

ОХУ-ын Чита хотноо энэ сарын 16-17-нд болсон тус тэмцээнд Орос-Монгол хоёр улсын 58 шүхэрчин-тамирчин, багийн төрөлд 16 баг оролцсон аж

相关新闻