Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-21 14:24:05

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.


Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.


Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын  хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхлээд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

相关新闻