УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-08-24 09:04:48

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.


Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд, тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ынгишүүн Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжин батлав.


Түүнчлэн, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ төслийг танилцуулахдаа, “Тогтоолын төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авахаар УИХ-ын D-parliament.mn цахим системээр дамжуулан олон нийтээс санал авахад 4, мөн ажлын хэсэгт УИХ-ын 21 гишүүнээс 148, Мэдээллийн холбооны операторуудын ассоциац, “Монголын оюуны өмч хамгаалах холбоо” ТББ зэргээс 45 санал ирүүлсэн. Эдгээр санал, УИХ-ын энэ сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын 51 гишүүнээс 1146 санал гаргасныг судлан, зарчмын зөрүүтэй саналыг томьёоллын үндэслэл, шаардлага, хамрах хүрээг танилцууллаа.


Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэхэд эрх зүйн шинэтгэл хийхээр тусгасан. Мөн Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн 2 дугаар хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5Ш ажиллагааг үргэлжлүүлэн, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Түүнчлэн Жагсаал, цуглааны журмын тухай хуульд зөвшөөрөл авах тухай бус жагсаал, цуглаан зохион байгуулахаар бол бүртгүүлэх заалт орсон байна. Өнгөрсөн жил Сүхбаатарын талбайд жагсаал хийх 230 гаруй хүсэлт ирүүлсэн ч бүртгэж авахгүй татгалзжээ. Энэ хуулиар жагсаал, цуглаан хийх эрхийг хааж байна гэж үзэж байна. Мөн жагсаал гэж юу вэ, цуглаан гэж юу вэ гэдгийг тодорхой болгох зэрэг хүний эрхийг хангах чиглэлд хуулийн өөрчлөлт хийнэ гэлээ.


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, бүсчилсэн хөгжлийн бодлогыг тухайлан авч үзэж буй учир засаг захиргаа, нэгжийн хуваарийг өөрчлөх талаар хамтарсан Засгийн газарт орсон гурван намын гэрээний дагуу гүйцэтгэх эрх мэдлийн зарим томилгоог орон нутагт шилжүүлэхээр болсныг дуулгав. 


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, геологийн хайгуулыг уламжлалт өрөм тавьж хийхээс гадна агаарын соронзон геофизикийн аргаар хийхийг зорьж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого баримтална. Зэс боловсруулах цогцолбор барина гэж өөрчлөн оруулсан байгаа. Зөвхөн Оюутолгойг түшиглэж зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж заасныг өөрчилсөн гэв.


УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Эгийн голын усан цахилгаан станц барихаар хөтөлбөрт тусгажээ. Энэ станцыг барих нь Байгаль нуурын экологийн  тэнцвэрт байдалд нөлөөлнө гээд ОХУ-ын эрдэмтэд ЮЮЕСКО-д хандаж, хориг тавиулсан. Оросын эрдэмтэдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаад шийдэж болно. Харин Шүрэнгийн цахилгаан станцыг барина гэжээ. Энэ хоёр станцыг оросуудтай ярилцаж барих учир эхний ээлжинд Эгийн голын УЦС-аа барихаар шийдэж, Шүрэнгийн цахилгаан станцыг хөтөлбөрөөс хасах хэрэгтэй гэж байв.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, манай улсын 242 мянган иргэн гадаадад амьдарч байна. Тэдгээр иргэнийг хүчээр авчрах боломжгүй ч эх орондоо ирж амьдрах бололцоог хангах бодлого барьж байгаа. БНСУ-д ажилласан туршлагаараа Монголдоо ирж,  үйлдвэрлэл эрхэлж буй 800 гаруй иргэн бий. Иргэд гадаадад ажиллаж туршлага хуримтлуулсан бол мэдлэг, ур чадварыг баталгаажуулан гэрчилгээ өгөх ёстой. Бид БНСУ-ын ЭСЯ-тай дундын бизнес хийх сан байгуулах тухай ярьж байна. Мөн ЖДҮ-ийн зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжинэ.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, бүсийн оношилгооны төвүүдийг бэхжүүлж байж нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрөл саарна. Эхний ээлжинд 6 бүсийн оношилгооны жишиг төв байгуулахаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 80 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Энэ салбарынхны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмж байж, цалин хөлс шийдэгдэнэ гэлээ.


Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зарчмын зөрүүтэй 151 саналын томьёоллоор санал хурааж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

相关新闻