XMF 2024 “Tsetse vs Bilgee” тоглолт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-26 13:29:18

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын хип хоп урлагт 20 жилийн турш өөрийн өнгө төрх, үзэл бодлыг илэрхийлж буй уран бүтээлч ЦэЦэ буюу Н.Цэцэнбилэг есдүгээр сарын долооны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд XMF 2024 “Tsetse vs Bilgee” тоглолтоо хийнэ.


Реппер ЦэЦэ анх 2004 онд Vanquish хамтлаг байгуулж, Монголын хип хоп урлагт хөл тавьсан билээ. Тэрээр дөрвөн цомог, хоёр тоглолт хийсэн бол энэ удаагийн тоглолтод үзэгч сонсогчдын сэтгэлд хоногшсон 37 дуугаараа ая дуугаа өргөх аж.


Тоглолтод урилгаар дуучин Ука, Анхмаа, VANDEBO, GINJIN болон хоёр DJ, бүжигчдээр Aim4R Production зэрэг 29 уран бүтээлч оролцоно. Ерөнхий продюсер Ж.Энхжаргал хэвлэлийн хурлын үеэр, “Ариун цэвэр, харуул хамгаалалт, дуугаралтад онцгойлон анхаарч байгаа. Энэ жилийн хамгийн чанартай тоглолтыг зохион байгуулах болно” хэмээв.


Тоглолтын энгийн тасалбар 69 мянга, VIP тасалбар 550 мянга, fan zone буюу ойроос үзэх боломж бүхий тасалбар 109 мянган төгрөгийн үнэтэй байна. 

                                                                                                                                                                                Д.Халиунаа

相关新闻