Халх голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-26 16:58:49

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Халхын голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэнг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

“Суман дундуур гүйж явлаа” хэмээн дурсах Ц.Чимэдцэрэн гуай өдгөө 100 гаруй насыг зооглож буй. Ялалтын ойн баярын хамгийн хүндтэй зочин тэрбээр Халхын голын байлдаанд сайн дураараа оролцсон 14-18 насны 16 охины нэг. Чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин юм. Ц.Чимэдцэрэн гуай 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байсан аж. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж юу хий гэснийг нь хийе” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронт руу явж байжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар түүхт ялалтын баярын хуралд оролцох үеэрээ Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэсэн юм. Энэхүү ялалт монголчууд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн үйл явдал гэдгийг онцолсон аж. Мөн эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэн, түүхэн сургамжийг ирээдүй хойч үедээ өвлүүлж, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх ёстойг тэмдэглэв.






 

相关新闻