ТӨВ: Хар тарлан үүлдрийн үхрийг төрөлжүүлэн үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Батсүмбэр суманд буган халиун, Борнуур, Баянчандмань сумдад хар тарлан буюу Германы Голштейн үүлдрийн үхрийг төрөлжүүлэн үржүүлж байна.
“Үдлэг Бургалтайн шим” хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. “Үдлэг бургалтайн шим” хоршоонд 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээний сүүг “Сүү” ХХК-д нийлүүлдэг аж.
Тус ажил нь сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг төрөлжүүлэх замаар сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн үхэр сүрэгт үзлэг, ангилалтыг богино хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд ингэснээр үхэр сүргийн анги, чанарыг тогтоон, үржлийн төлөвлөгөөг гаргаснаар үхэр сүргийн чанар сайжирна.
Үхэр сүрэгт ангилал хийснээр нэгжээс авах ашиг шим дээшилж, сүүний хангалт, шингэн сүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ. Сүүний үхэрт зориулсан тэжээл хангамжийг нэмэгдүүлж, тэжээлийн таримал ургамлын нэр төрлийг баяжуулна. Усан хангамж, услалтын системүүдийн ашиглалтыг сайжруулах зэрэг үр дүн бий болох юм.