С.Янжинлхам: Бурхны шашин бидний түүх соёл, төрт ёс, ахуй амьдралтай нягт холбоотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-27 16:51:39

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Гандантэгчэнлин хийд, Олон Улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголын бурхны шашин судлал” олон улсын хурлыг Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуган, МУИС-ийн Номын санд гурван өдрийн турш зохион байгуулж байна.


Хуралд Монгол, Орос, Хятад, Америк, Солонгос, Энэтхэг, Польш, Унгар, Швейцар, Япон, Тайланд зэрэг 11 улсын 67 эрдэмтэн, судлаач дөрвөн салбар хуралдаанаар илтгэл хэлэлцүүлж байлаа. Тухайлбал, Mонгол дахь буддын шашны мэдлэг ухаан ба эх бичгийн судалгаа, Mонголын бурхны шашны түүх, хутагт хувилгаад, буддын мэргэд, сүм хийд, зан үйлийн судалгаа, өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын судалгаа, Mонголын бурхны шашин ба улс төр, эрх зүй, гадаад харилцааны судалгааны талаар хэлэлцэв.



Олон улсын энэ хурал нь Монголын бурхны шашныг судалдаг эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хуваалцах, сурталчлан таниулах, эрдэм шинжилгээний солилцоог дэмжих, одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох, салбарт тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэхэд чиглэж байна.

МУИС-аас шашин судлалын сэдвээр хоёр жил тутам зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг энэ удаад олон улсын хэмжээний болгон өргөжүүлсэн бөгөөд маргааш өндөрлөх юм. 



Тус хурлын ач холбогдол болон Монголын бурхны шашны талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн профессор С.Янжинсүрэнгээс тодрууллаа.


-Эрдэм шинжилгээний хурлуудыг тогтмол зохион байгуулдаг ч ард иргэд ач холбогдлыг нь төдийлөн мэддэггүй. Энэ удаагийн хуралд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид шинээр хийсэн судалгааныхаа үр дүнг хуваалцахаас гадна эрдэм шинжилгээний 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Мөн монгол эрдэмтдийн судалгааг олон улсад таниулах ач холбогдолтойгоор зохион байгуулж байна. Шашны социологи, эрх зүйн чиглэлийн илтгэл зонхилж байна. Орчин үеийн судлаачдын буддын гүн ухаан, философийн талаарх судалгааг цаашид хэрхэн хөгжүүлэх асуудал дэвшүүлсэн нь онцлог байлаа.


-Та энэ удаагийн хуралд үндсэн илтгэл танилцуулсан.  Монголын бурхны шашин судлалд холбогдох баримт материалыг дижитал хэлбэрт оруулах тухай асуудлыг хөндлөө. Энэ нь ямар ямар ач тустай гэж та үзэж байна вэ?

-Тийм ээ, Монголын бурхны шашин судлал одоо ба ирээдүй сэдвээр үндсэн илтгэл танилцуулсан. Ингэхдээ таван агуулгыг илэрхийлснээс ирээдүйд чиглэсэн хэсэг нь сонсогчдын анхаарлыг ихэд татлаа. Тодруулбал, Монголын бурхны шашин судлалд холбогдох баримт материал, судруудыг дижитал хэлбэрт оруулж, олон улсын тавцанд нээлттэй болгохыг хөндсөнийг олон улсын эрдэмтэд талархан хүлээж авсан. Гадаадын судлаачид Монгол судар болон бусад эх сурвалжтай танилцахын тулд хүрэлцэн ирж, тухайн номын санд сууж уншдаг. Дижитал хэлбэрт шилжүүлж, байгууллага, хувь хүмүүс судалгаа, шинжилгээ хийх зорилгоор тодорхой төлбөр төлж, нэг удаа нэвтрэх эрх аваад, судалгаагаа интернэтэд байршуулж, үр дүнгээ хуваалцах зохицуулалт хэрэгтэй. Ингэснээр цаг хугацаа, санхүү хэмнэх эдийн засагт эерэг нөлөөтэйгөөс гадна Монголын бурхны шашныг олон улсад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.


-Монголын бурхны шашны онцлогийн талаарх таны бодлыг сонирхвол?

-Бурхны шашин бидний түүх, соёл, төрт ёс, ахуй амьдралтай нягт холбоотой. Түүхийн хувьд Энэтхэгт нахиалсан шашны үр Монголын хөрсөнд ургасан юм. Уг шашин мандал, буурлын буюу хөгжлийн гурван үеийг дамжсан байдаг.  Хүннү гүрний үед ард нийтийг нэгтгэх улс төрийн зорилгоор дэлгэрч, Юань гүрний үед дөрвөлжин бичиг үсэг зохиогджээ. Түмэдийн Алтан ханы үед соён гэгээрлийн болон улс төрийн зорилгоор Далай ламаас судар ном, тахил шүтээнийг залж ирсэн нь олон нийтийн дунд Монголын бурхны шашин Төвөдөөс үүсэлтэй хэмээх ташаа ойлголт үүсгэсэн юм.


-Манай улсад бурхны шашны хэчнээн хийд байдаг вэ?

-Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар бурхны шашны 132 шашны хийд, 1700 гаруй санваартан байгаа гэж бүртгэсэн. Гэвч хийд тус бүрд ямар агуулга бүхий сургаал, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нэгдсэн мэдээлэл байдаггүй. Хүн амын бүртгэлийн 2010-2020 оны судалгаанд "Та шашин шүтдэг үү, тийм бол ямар шашин шүтдэг вэ?” гэсэн нэмэлт асуулга авсан. Судалгааны дүнд, 2010 онд Монгол Улсын хүн амын 63.4 хувь нь шашин шүтдэг гэж хариулсан бол 2020 онд 59 хувь болж багассан байгаа юм. Харин мэргэжлийн шашин судлалын байгууллагуудын судалгаагаар 75-78 хувь нь шашин шүтдэг гэсэн тоо баримт бий. Мэргэжлийн байгууллагын судалгаа нь илүү бодитой, нарийвчилсан судалгаа гэж үзэж байгаа. 

                                                                                                                                                                                       Д.Халиунаа

相关新闻