Жуулчид онгон байгальдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг биеэр мэдрэх хандлагатай болж буйг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага , Монгол Улсын БОАЖЯ, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо олон улсын байгууллага, нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ.
2015 оны 6 дугаар сарын 19-нд БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифайгаас БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Энэхүү брэндийг дэлхийд сурталчлан таниулах, олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэ удаагийн олон улсын хурал ихээхэн ач холбогдолтой.
Тус хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ, Даяаршиж буй өнөө үед аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байр бий болгож, үл үзэгдэгч экспорт, утаагүй үйлдвэрлэл хэмээн зүй ёсоор нэрлэгддэг, хөрөнгө оруулалтыг урамшуулдаг, ядуурлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг, хөгжлийн түүчээ нь болж чаддаг, хамгийн энх тайванч, аливаа бүхнээ бусадтай хуваалцдаг гайхамшигтай салбар болж байгаа билээ. Өнөөдөр нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, өндөр хөгжилтэй орны иргэд өөрсдийн хэвшмэл ахуйгаас өвөрмөц соёл, иргэншил, онгон дагшин байгалийг зорин очихыг эрэлхийлдэг болжээ. Энэхүү хандлага нь аялал жуулчлалын зах зээлд өөрийн өвөрмөц дүр төрхөөр оролцох давуу боломжийг улс орнуудад олгож байна. Энэхүү салбарын бий болгодог эдийн засгийн өсөлт, ажлын байр, хөгжлийн боломжийг дагаад тогтвортой байдлын үүрэг хариуцлага ирдэг. УИХ-аас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2030 он хүртэл батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл-аялал жуулчлалын төв болно” хэмээн цаашдын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон. Цаашид бид тогтвортой хөгжлийг хангахын тулд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, улс орны экспортыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдэд ажлын байр олноор бий болгодог, соёл, түүх, байгалийн нөөцдөө түшиглэсэн, шавхагдашгүй нөөц бүхий аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлогыг баримталж ажиллах болно” хэмээн онцлов.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс жилдээ 400 мянга орчим гадаадын жуулчин хүлээн авч, эдийн засагт 263 сая ам.долларын орлого оруулж байгаа нь ДНБ-ий 3.2 хувь, нийт экспортын 3.6 хувийн тус тус эзэлдэг байна. Аялал жуулчлалын салбараас 50 мянга гаруй ажлын байр бий болгосон нь нийт хөдөлмөр эрхлэлтийн 4.5 хувийг бүрдүүлж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 140 орноос 99 дүгээр, Ази Номхон далайн 25 орноос 19 дүгээр байранд тус тус эрэмбэлэгддэг байна.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэхдээ, “Монгол орон бол нүүдлийн аялал жуулчлалын өлгий нутаг юм. Монголчуудын байгуулсан төрт улс, эзэнт гүрнүүд хүн төрөлхтөн, ард түмний харилцан ойлголцол, соёл, шинжлэх ухааны солилцооны гүүр байсан домогт худалдааны зам болох торгоны замыг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ. Тиймээс энэ удаагийн олон улсын бага хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаад бид баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчид хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлэх замаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг шинэчлэх зэрэг хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Ингэснээр 2020 он гэхэд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын үзүүлэлт 90 дүгээр байранд урагшилж, Монголд ирэх жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын ДНБ-д эзлэх хувийг 8 орчим хувьд хүргэхээр төлөвлөж байна” гэв.
Мөн Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбооны тэргүүн Донг Ян Жанг “Монгол Улс бол өнө эртний түүх соёлтой, ховор нандин ан амьтан, ургамал, байгалийн баялагтай орон. Тиймээс энэ удаагийн хурлаар дамжуулж, Монгол Улсын нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөдөр дэлхийн жуулчдын хандлага нь онгон байгалдаа эргэн очих, нүүдлийн мал аж ахуйг өөрийн биеэр мэдрэх хандлагатай болж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр хотууд тогтвортой хөгжихөөс гадна тухай улсын үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсад ирэхэд аюулгүй байдал талаас ямар арга хэмжээ авах вэ гэдэг хамтдаа ярилцах болно” хэмээлээ.
Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн гишүүн орны сайд нар, аялал жуулчлалын байгууллага зэрэг 33 орны 350 гаруй төлөөлөгч оролцож буй тус хурал гурван өдрийн турш үргэлжилнэ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал