“Аяны шувууд” дуугаа аялан дуулж яваарай... номыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-30 16:35:18

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 

                                                “Аялан дуулдаг чиний минь хоолойтой

                                                Адилхан өнгөөр уянгалан ганганаад

                                                Алаг нүдний сормуус шиг дэвээд

                                                Аглаг тал дээгүүр шувууд буцлаа

                                                              Амраг минь чи дуугаа дуулаач

                                                             Аяны шувуудыг эргэтэл дуулаач... хэмээх дууг мэдэхгүй монгол хүн байхгүй. Монголд сурч байсан гадаад оюутнууд ч энэ дууг сайн мэддэг байсан нь ямар учиртайг өчигдөр болсон “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай номын нээлтийн үеэр онцолж байлаа.


МУИС 1971 онд Гадаад оюутны тэнхимийг нээж, анхны нь хичээлийн эрхлэгч профессор, багш Ж.Лувсандорж 1987 оноос энэхүү дууг гадаад оюутнуудад заах монгол хэлний хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулж байсан тухай баримтыг СУИС-ийн багш, редактор Я.Сумьяа тус номын нээлтийн үеэр хуваалцсан юм.


З.Хангалын хөгжим, Д.Дашдондогийн шүлэг, дуучин Х.Төмөрийн дуулснаар олны хүртээл болгосон “Аяны шувууд” дууг тэртээ 1965 онд бүтээжээ. Тус дууны шүлгийг бичсэн Д.Дашдондогийн талаар өгүүлэх уг номыг сэтгүүлч, орчуулагч Б.Өвгөнхүү өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд архивын баримт, сонин, хэвлэл мэдээллээр гарч байсан бичвэрүүд, нутгийнх нь буурлууд, шавь нарынх нь яриа, түүний туурвисан 100 гаруй шүлэг, өгүүлэл, бүтээлийг олж эмхэтгэжээ. Зарим бүтээлийг нь төвийн хэвлэлд гаргадаггүй байсан учир Ховд, Дорноговь, Булган аймгийн сонинд ганц нэгээр гаргаж байсныг ч олж нийтэлжээ. Түүний “Ээтэн гутал” шүлэг, “Ган сэлэмний дууль” зэрэг гайхалтай сайхан бүтээлүүд бий.


"Аяны шувууд" дуугаа аялан дуулж яваарай... номын нээлтэд хүрэлцэн ирсэн ахмад сэтгүүлчдийн сэтгэгдлийг хүргэж байна. 


“Номыг эмхэтгэгч сэтгүүлч Б.Өвгөнхүү хариу нэхэлгүйгээр сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж, хүний мөс чанар гарган энэхүү номыг бүтээснээр бахархаж байна. Энэ ном эрэн сурвалжлах сэтгүүл зүйн маш том судалгааны бүтээл болохоос гадна Монголын утга зохиол, яруу найраг, намтар судлалд цоо шинэ өвийг бэлдэж өглөө. Судлаачаа хүлээж буй бүтээлийн олз гэж хэлмээр байна. Тухайн үед гадаадын оюутнууд МУИС-д ирж монгол хэл сурч байхдаа энэ л дуугаар амалж байжээ. Үе үеийн элчин сайд нар, монголч эрдэмтэд монгол хэлний тэнхимийг төгссөн байдаг учир тэдэнтэй уулзаж хөөрөлдвөл Д.Дашдондогийн талаар илүү мэдээлэл олж, дараагийн номоо гаргахад нэмэр болох байх” хэмээн тус номын редактор Я.Сумьяа ярьж байв. 


“Янз бүрийн үйл явдал өрнөж байдаг ч хамгийн сайхан нь шинэ ном бүтээх үйл юм. Монгол хүн бүр “Аяны шувууд” дууг, дуучныг нь, хөгжмийн зохиолчийг нь мэддэг атал энэ дууны шүлгийг бичсэн найрагчийн тухай номыг ийнхүү бүтээн дэлгэж буй “Бимакс” компанийн хамт олонд талархаж байгаагаа СГЗ, сэтгүүлч Т.Баасансүрэн илэрхийллээ.



Номыг эмхэттгэгч Б.Өвгөнхүү, “Д.Дашдондогийн талаарх материал, хувийн материалыг охин Д.Отгонтөгсийн хамтаар БХЯ-ны архиваас эхлээд цөөнгүй газраас цуглуулсан. Эрэл зогсоогүй, үргэлжилнэ, дараагийн ном ч гарна. Энэ номд орсон материалууд бол эрлийн өчүүхэн хэсэг нь юм. Ар халхын шүлэгч Д.Дашдондог ардын уран зохиолын жин даах яруу найрагч байсан. Түүнд эрх чөлөө хэрэгтэй байсан нь “Цуутай хүн” найраглалыг уншихад шууд ойлгогддог. Нэгэнтээ “Төр засаг надад хамаагүй, би хэлэх ёстой зүйлээ ард түмэндээ бичиж үлдээнэ” гэсэн байдаг. Энэ номд түүний цорын ганц гар бичмэл орсон. Д.Дашдондог ямар ч үед, өвдгөн дээрээ суугаад бичсэн ч маш уран гоё бичдэг, содон авьяастай, унаган монгол хэлтэй, сайхан найрагч, орчуулагч байжээ” хэмээн тодотгосон юм.


Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Б.Догмид: Омголон залуу 16-хан насандаа Д.Дашдондог багшаараа эдийн засгийн хичээл заалгахын зэрэгцээ утга зохиолын дугуйланд хөтлүүлэн орж байлаа. Гарыг минь ганзаганд хүргэсэн хүн. Багшийнхаа тухай “Аяны шувууд” хөрөг таталбар бичиж байснаа дурдсан бол Ардын зураач, СГЗ, шог зураач Ц.Байды, “Тухайн цагт ухаантай хүмүүс нийгэмдээ таарахгүй, ад үзэгдэж хэлмэгдэж байсан тухай бодож явдаг юм. Хэлмэгдсэн хүний ядаж зураг нь байх хэрэгтэй. Д.Дашдондогийн тухай багаасаа их сонссон болохоор хөргийг нь зориглон зурлаа” хэмээгээд хүүд нь өөрийн зурсан хөрөг зургийг гардуулж өгсөн юм. 

相关新闻