А.Төгсбаяр: Эхэлсэн цэгээ дурсаж “Эмзэгхэн хайр” дуугаараа тоглолтоо нэрлэсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, хэмнэлээр хоногшсон GUYS хамтлагийн гишүүн А.Төгсбаярын бие даасан анхны тоглолт есдүгээр сарын 7-ны өдөр UG ARENA-д болно.
Тэртээ
1997 онд СУИС-ийн кино драмын ангийн таван хөвгүүн “GUYS 666” хэмээх хамтлаг байгуулсан бол өдгөө 27 жилийг
ардаа үджээ. Хамтлагийн гишүүн А.Төгсбаяр 80 гаруй дуу зохиосон бөгөөд энэ
удаагийн тоглолтод 30 хит дууг багтаасан байна. Тоглолтод урилгаар Motive,
Outlaw, Freezone, Gangbay, Мааз, Салхи хамтлаг, Ану, Дэлгэрмөрөн, Лууяа, Soni,
Roockie зэрэг уран бүтээлч оролцоно. Дөрвөн хэсгээс бүрдэх тоглолтын сүүлийн
хэсэгт Guys хамтлаг ая дуугаа өргөх юм.
Хэвлэлийн хурлын үеэр, А.Төгсбаяр “Тавилан киногоор анх кино
урлагт хөл тавьж Эмзэгхэн хайр дуугаа дуулж байсан. Тэр цагаас өнөөдрийг хүртэл эхэлсэн цэгээ
нандигнан хайрлаж явсаар анхны бие даасан тоглолтоо ийнхүү нэрлэлээ. Дөрвөн
жилийн өмнөөс тоглолтоо хийхээр бодож явсан. Одоо л цаг нь иржээ. Ард түмэндээ өөрийн хийж бүтээсэн зүйлийг
тайлагнах гэж байгаадаа баяртай байна” хэмээв.
Тоглолтын энгийн тасалбар 150 мянга, зургаан хүнтэй ширээ 3
сая, VIP тасалбар 8 сая төгрөгийн үнэтэй байна.
Д.Халиунаа