“Тогтвортой амьжиргаа III” төслийн ажилчдыг хоморголон халаагүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-13 14:16:55

“Тогтвортой амьжиргаа III” төсөлд ажиллаж байсан 105 хүнийг ажлаас хоморголон халсан гэх мэдээлэл үндэслэлгүй гэдгийг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар (ХСӨУГ)-ын дарга Б.Гантулга мэдээлэв.

Өчигдөр буюу энэ сарын 12-нд Сангийн яам болон Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагаас тус төсөлд ажиллаж байсан 105 хүнийг үндэслэлгүйгээр халах тушаал гаргасан талаар иргэд мэдээлэл хийсэн. Эдгээр хүмүүсийг өмнөх Засгийн газрын үед ажилд орсон буюу улс төрийн шалтгаанаар халсан хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.

Б.Гантулга дарга Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлаг нь олон улсын байгууллага тул улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй хэмээгээд, “Орон нутгийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Тогтвортой амьжиргаа III” төслийг  Дэлхийн банкны 24 сая доллар, Швейцарийн хөгжлийн агентлагийн 11.4 сая долларын  буцалтгүй тусламжаар 2018 он хүртэл хэрэгжүүлж байна. Төслийг хэрэгжүүлэхийн тулд 21 аймгаас 105 хүнтэй зургаан сарын хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа өнгөрсөн сарын 30-нд дууссан. Сангийн яамны зүгээс гэрээний хугацаа дуусч байгааг есдүгээр сарын 28-нд бичгээр мэдэгдсэн. Санхүүжүүлэгч байгууллагуудын зүгээс энэхүү төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэх санал тавьсан. Сангийн яам уг саналыг хүлээн авч, төслийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Төслийг шинэчилж дуусаад дахин Хөлсөөр ажиллах гэрээ байгуулна. Тэр үед дээр дурьдсан 105 хүн сонгон шалгаруулалтад ороод, үргэлжлүүлэн ажиллах боломжтой” хэмээв.

Ч.Ариунболд

相关新闻