ДОРНОД: "Нутгийн ирээдүй" төсөлд хамрагдсан 50 залуу ажлын талбарт гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт "Нутгийн ирээдүй" төсөл тав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийт 164 оюутныг хамруулж, одоогоор 50 нь сургуулиа төгсөн ажлын талбарт гарчээ. Тухайлбал, энэ онд л гэхэд 15 залуу их эмч, эх баригч, шүдний эмч, багш, газар зохион байгуулагч, малын эмч мэргэжил эзэмшин сум орон нутагтаа ажиллаж байна.
Хөдөөгийн сумдад багш, хүний их эмч, шүдний эмч, сувилагч, тархвар судлаач, агрономич, геологи, геодезийн инженер, малын эмч, байгаль хамгаалагч, газар зохион байгуулагч, ус хангамж, ариутгах татуурга, дулааны инженер зэрэг мэргэжилтэн дутагддаг. Тиймээс дээрх төслийг хэрэгжүүлсний үр дүнд боловсон хүчний асуудал цэгцэрч байгаа юм.
Аймгаас нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа хоёроос доошгүй жил, хоёр жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа гурваас доошгүй жил, гурав ба түүнээс дээш жил сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар хариуцлагын гэрээнд тусгажээ.