ДОРНОД: Баянтүмэнгийн “Тээхийн ангийн хороо”-ноос авто тээврийн салбарын түүх эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-10 20:11:43

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорнод аймагт Монгол Улсын авто тээврийн салбарын 100 жилийн ой, Авто баазын 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. 


БНМАУ-ын Тээх нэвтрүүлэх Ерөнхий газрын 1927 оны 4-р сарын 317-р тоот шийдвэрээр Баянтүмэнд байсан ердийн хөсгийн хэсгийг өргөтгөж, улсаас “ЯАЗ” маркын машин 5-ыг өгч Баянтүмэнгийн “Тээхийн ангийн хороо” хэмээн нэрлэснээр хөдөөгийн ууган Авто баазын эхлэл тавигдсан түүхтэй. Авто тээврийн 3-р бааз тухайн үедээ Тээврийн Удирдах газрын нийт ашгийн 35-50 хувийг олдог, жилдээ 13000 тн өргөн хэрэгцээний бараа, 1200 тн ноос, 20 мянган тн өвс, 10 мянган тн түлээ, 20 мянган тн нүүрс, 3000-4000 тн үр тариа, 800 тн малын тэжээл, давс хужир, мянга орчим толгой мал тээвэрлэж байжээ. Өөрөөр хэлбэл, тус хэсэг орон нутгийн бараа, түүхий эд, өвс, ноос, түлээ нүүрс, мал адгуус гэхчлэн очихгүй газар, тээвэрлэхгүй бараа гэж үгүй, ахмад тээвэрчид, тэдний залгамж үе энэ тээврээр дамжин мэргэжлийн тээвэрчин болж төлөвшдөг байсан юм.


АН-2 онгоцоор шуудан хүргэдэг байв

Авто тээврийн 3-р баазын үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг нь Шуудан үйлчилгээ байж. Түүх сөхвөл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1949 оноос морин өртөөг халж,  автомашинаар өртөөний ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэснээр аймгуудад “Газ-А” машиныг хувиарлан өгчээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор Дорнод аймгийн Намын хорооны товчоо, аймгийн Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 8-р сарын 25-ны өдрийн хурлаар Авто өртөө байгуулах бэлтгэл ажлыг хэлэлцэн баталснаар модон кабинтай “Газ-А” машинаар шуудангийн болон зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ.  Сайд нарын зөвлөлийн 1954 оны 76-р тогтоолоор Авто өртөөг 3-р баазтай нэгтгэж, үйл ажиллагаа, үйлчлэх хүрээг нь өргөтгөснөөр 1979 оноос сум, нэгдэл, сангийн аж ахуй, суурин газруудаас бригад, фермүүдэд шуудан хүргэх зориулалттай “УАЗ-машинаар, 1992 оноос хэд хэдэн суманд “АН-2” онгоцоор шуудан хүргэдэг болжээ.


1987 он гэхэд Дорнод аймаг 60 гаруй суудлын машинтай байжээ

Авто тээврийн 3-р бааз 1940 оноос “ЗИС-5” цистерньтэй болж, тээврийн машинуудаа граж болон замын буудлуудад цэнэглэж өгдөг байлаа. СнЗ-ийн 1959 оны 372-р тогтоолоор Бэрх, Түмэнцогт, Чоногол, Бүрэнцогтын уурхайнуудад байсан шатахуун тээврийн арван машиныг 3-р баазад төвлөрүүлжээ. 1960-аад оноос Сүхбаатар аймгийн төвийн ШТС, алслагдсан зарим сум, хожим Хэнтий аймгийн хойд талын 7 сумын шатахууныг нэмж хүргэдэг болжээ.

Чойбалсан хот өргөжин тэлж, хотын дотоод тээвэр нэмэгдэж байсан үе буюу 1974 онд ГАЗ-53, ЛюМЗ, ИЖ-2175, УАЗ-450 маркын арав гаруй автомашиныг нэгтгэн Цагийн үйлчилгээний хэсгийг байгуулж, энэ хэсэг хотын жижиг аж ахуйнууд болон төсөвт байгууллагууд, худалдаа нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, холбоо шуудангийн газруудын тээврийн хэрэгцээг хангаж байв.  

Авто тээврийн 3-р бааз хөгжсөөр 7-8 төрөл чиглэлийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн тээвэр ашиглалт, хяналт шалгалт, засвар үйлчилгээ, захиргаа аж ахуй, санхүү эдийн засгийн албадуудтай, бие даасан нам, эвлэл, үйлдвэрчин зэрэг олон нийтийн байгууллагуудтай, мянга орчим ажилтан ажиллагсад, 20-иод төрлийн 800 гаруй тээврийн хэрэгсэлтэй томоохон байгууллага байжээ. Тухайн үед Улаанбаатараас аймгуудад ажиллах томилолттой ажилтан болгон суудлын машин хөлөглөн явах нь сул явалт ихтэйгээс гадна хөдөлгөөний хяналт суларч цаг их алддагийг харгалзан СнЗ-өөс 1970 онд тогтоол гаргаж, аймгуудын баазад төвөөс яваа төлөөлөгчдөд үйлчлэх Суудлын машины хэсгийг байгуулсан юм. 1973 оны намар Дорнод аймгийн төвийн суудлын машин бүхий газруудын машиныг 3-р баазад төвлөрүүлж, дуудлагаар ажиллуулах журамж шилжүүлжээ. 1987 он гэхэд Дорнод аймаг 60 гаруй суудлын машинтай байжээ.

 

Чойбалсан хотод 1970 оны сүүл үед өдөртөө 6-8 такси шугаманд үйлчилж байв

1957 онд ганц хаалгатай “ГАЗ-51” автобус хотын төвөөс төмөр замын Баянтүмэн өртөөний хооронд явж, Чойбалсан хотын шугамын автобусны үйлчилгээг эхлүүлсэн түүхтэй. Энэхүү ганц автобус тухайн жилдээ 4846 хүн тээж, 22100 км-ийн ажил гүйцэтгэж байжээ. 1962 онд “Паз-652” автобус 2-ыг шинээр авч үйлчилгээ үзүүлж эхэлсэн ч 1970 он хүртэл шугамын автобусны үйлчилгээ жигд бус, санхүүгийн хувьд алдагдалтай байлаа. 1970 оны зунаас шинэчлэл хийж, автобусны тоог 5 болгон явалт бүрийг цагийн графикт шилжүүлж, хяналтын диспетчер томилон тодорхой зохицуулалт хийснээр үйлчилгээ сайжирчээ. 1960-аад оны дундуур “М-21” маркын хоёр цэнхэр “Волга” таксиг Чойбалсан хотын шугамын үйлчилгээнд явуулж эхэлсэн бол 1970 оны сүүлчээр “Москвыч-412” маркын машинуудыг такси үйлчилгээнд нэмж гарган, өдөртөө 6-8 такси шугаманд үйлчлэх болжээ. 


Ийнхүү өргөн цар хүрээтэй, олон төрлийн үйлчилгээ үзүүлж, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн хэрэгцээт бүхий л импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Авто тээврийн 3-р бааз болтлоо хөгжсөн байдаг. Харин өдгөө Дорнод аймгийн Авто тээврийн төв 15 хүний тоотойгоор авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, улс хоорондын зорчигч, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, зөвшөөрөл олгох, мэргэшсэн жолоочийн шалгалт авах зэрэг зургаан төрлийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Хот хоорондын зорчигч тээврийг Айсвн ХХК, Атибус ХХК, Автобус тав ХХК, Аж мянган ХХК-тай, улс хоорондын зорчигч тээврийг Тал нутгийн Хэрлэн ХХК, Хун Ён ХХК-тай хамтран гүйцэтгэж байгаа юм. 

相关新闻