БУЛГАН: Нэгдүгээр ангид 1093 сурагч элсэн суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургуулийн нэгдүгээр ангид 1093 сурагч шинээр элсэн суралцаж байгаа бол 6-р ангид 1083, 10-р ангид 859, 12-р ангид 703 хүүхэд суралцана.
Ерөнхий боловсролын сургуульд нийт 11311 сурагчид 643 багш багшилж, 571 ажилтан тэдний сурч боловсрох, багшлахуйн үйл хэрэгт хамтран зүтгэж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2775 суралцагч суралцаж нийт 144 багш, 355 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Булган сумын 1,
2 дугаар бүрэн дунд сургууль Булган аймгийн Политехникийн коллежийн хичээлийн
нээлтэд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оролцож баяр хүргэлээ.
“Хүүхдүүд, залуучууд, дүү нар минь та бүхэн Булган нутгийн ирээдүйг авч явах учиртай. Ахлах ангийн сурагчид маань сайн хичээвэл маш олон боломж бий болсон. Бид 2021 оноос эхлэн ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүддээ мэргэжил харгалзахгүй 100 хувь тэтгэлэг олгодог болсон. Энэхүү тэтгэлгээ цаашид үргэлжлүүлэн олгоно гэдэгтээ итгэлтэй байгаа. Мөн Булган аймагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа салбарууддаа хүний нөөцөө бэлдэж гадаадын их, дээд сургуулиудад сургаж эхэлсэн. Дүү нар минь эрдэм номдоо шамдан суралцаж, өөрийгөө танин мэдэж соёл урлаг, спортоор хичээллээсэй гэж хүсэж байна” хэмээн захилаа.
Сэлэнгэ сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт
Сургуулийн
захирал Э.Хишигсүрэн баярын мэндчилгээндээ "Бид 2023-2024 хичээлийн жилд Суралцагч төвтэй
сургуулийн менежментийг бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үнэлгээгээр
аймгийн 22 сургуулиас 4 дүгээрт жагслаа. Хичээлийн жилийн үйл ажиллагаагаа хэлэлцэж
2024-2025 оны хичээлийн жилд сургалтын чанар, үр дүнг сайжруулах дүгнэлтэд
хүрсэн нь яамны зорилго, зорилттой нийцэж байна. Зорьсондоо хүрдэг хамт
олондоо баяр хүргэж, хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль гэдгийг хамтдаа
харуулцгаая" хэмээн уриаллаа.
Тус сургууль
нээлтээрээ сургуультай танилцах аялал, ахмад
багш нарын уулзалт, сургуулийн насны ялгаатай хэрэгцээтэй
хүүхдүүдийн гэрээр зочлох, 2024-2025 оны хичээлийн жилийн
анхны цахим хурлыг хөтөлбөрийн дагуу явуулж байна. Гавьяаныхаа амралтад суусан 10 гаруй ахмад
багш сургуулийн урилгаар хүрэлцэн ирж, сургуулийн удирдлага болон
залуу багш нарт заавар зөвлөгөө өгч, санал туршлагаа ярилаа.
Хамтын бүтээлч
оролцооны сайн жишээ Хүүхэд хөгжлийн өрөө
Байгууллагын
дэргэдээ сумын Хаан банкны салбарын менежер, эцэг эхийн төлөөлөл Э.Ганчимэг
болон хөрөнгө оруулагч "Seven nuga resort"-ийн захирал М.Отгонжаргал нарын
дэмжлэгээр “Хүүхэд хөгжлийн өрөө”-г тохижуулсан байна. Зөвхөн өрөөг тохижуулаад зогсохгүй номын булан хийж, 50
гаруй номоор баяжуулсан байна.
Төрийн өмчийн
ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийн үр дүнг хүүхэд бүрд хүргэнэ
Монгол Улсын
Гавьяат багш Ж.Галбадрах, Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол
төв" ТББ, Шинэ Монгол сургуулийн хүчирхэг багийн багш нараар удирдуулсан
Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулах төслийн хүрээнд
"Байгууллагын эерэг соёл, үнэт зүйл" өдөрлөгийг VIP хэлбэрээр зохион
байгууллаа.
-Шинэ
Монгол сургуультай танилцсан үр дүн, шинэ санаа
-Багийн
үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх гарц
-Төслөөс
хүлээж буй үр дүн, түүнд хүрэх боломж
-Цахим
хичээлийн оролцоо
-Байгууллагад
гарч буй өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, өнөөдрөө үнэлсэн, ирээдүйгээ
зураглаж төлөвлөсөн бүтээлч үйл ажиллагаа боллоо. Бидэнд аргыг зааж, сурах үйлд
чадварлагаар чиглүүлж буй төслийн багийнхандаа талархаж буйгаа сургуулийн
захирал Э.Хишигсүрэн илэрхийллээ.
Боловсролын
цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Боловсролын
цахим шилжилтийг эрчимжүүлэх, дэлхийн шилдэг хөтөлбөрөөр баталгаажсан математикийн Eduten, англи хэлний Pearson хөтөлбөрүүдийг амжилттай
хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд 84 сая 997
мянган төгрөгийн цахим ангийг суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагчийн
бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор нээсэн байна.
Хишиг-Өндөр сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт
Сургуулийн
захирал Ч.Алимаа: Нэгэн зууны түүхийг баринтаглан шинэ зууны
хуудсыг нээн хичээлийн жил эхэллээ. Хайртай бяцхан шавь нартаа баярын
мэндийг хүргээд, эрдэм номд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Манай хамт
олныг зорин ирсэн бага ангийн багш Л.Хишигдэлгэр, Э.Отгонтуяа, орос-англи
хэлний багш Б.Болормаа нартаа маш их талархлаа. Манай сургуульд тавтай морил хэмээн баярын нээлтээ эхлүүлсэн нь хөдөөг зорих багш нарын тоо эрс
нэмэгдэж, мэргэжлийн багш нарын хомсдол орон нутагт үүсэхгүй байх сайн жишээг
харууллаа.
Цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” үйл ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн
байгууллагаас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг,
зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл
эхэллээ” арга хэмжээг 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зохион
байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд есдүгээр сарын 1-нд Булган аймгийн ерөнхий боловсролын сургууль,
цэцэрлэгүүдээр цагдаагийн алба хаагчид хуваарийн дагуу эргүүлийн үүрэг
гүйцэтгэж, хүүхдийг төөрөх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх
мэдээ, мэдээлэл өгчээ.
Мөн аймгийн
цагдаагийн газраас “Хүүхдийн аюулгүй байдал”, Сургуулийн орчин дахь зам
тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд дунд болон бага ангийн
сурагчдад мэдээлэл сургалт орох цагийн хуваарийг сургуулийн захирал, нийгмийн
ажилтан нартай товложээ.
2024-2025 оны хичээлийн жилийн багш нарын бага хурал
Багш нарын бага хурлыг наймдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Булган сумын Нэгдүгээр сургууль дээр зохион байгууллаа. Тус хуралд салбарын 46 нэгж байгууллагын багш, сургалтын менежер, удирдах ажилтан нийт 170 хүн оролцож, өнгөрсөн оны анхаарах асуудал, ирэх хичээлийн жилийн яамнаас баримтлах бодлого, чиглэлийн нэгдсэн ойлголтыг газрын ахлах арга зүйч, хэлтсийн дарга нар танилцуулж, Булган аймаг дахь ХАА-н ПТК, НТБТ-ийн мэдээллүүд, "Хүүхэд төвтэй-багшийн хөгжил, менежмент" сэдвээр "Багшлахуйн баясгалан" ТББ-ыг үүсгэн байгуулагч Э.Даваахүү сургалт зохион байгууллаа. Гурванбулаг сумын ЕБС-ийн захирал Б.Нарантунгалаг, Хангал сумын Хялганат тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Цолмонбаатар нар сургуулийнхаа үйл ажиллагааны сайн туршлагаа хуваалцаж, санал хүсэлт сонсжээ.