“Сэлбэ дэд төв”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг эрчимжүүлэхэд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан.
Тухайн бүсэд байгуулах “Сэлбэ” дэд төв нь гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” концевцийг хэрэгжүүлэх эхний загвар төсөл болж байгаа онцлогтой. Одоогоор 1380 өрх газраа чөлөөлж, санхүүжилтийг гадаад зах зээлээс босгож байгаа тул төслийг төлөвлөгөөт хугацаанд багтаан дуусгах боломжтой юм.
Төсөлтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Дэлхийн банкны Тиласони Бенжамин Мусукутай уулзлаа. Энэ үеэр “Сэлбэ” дэд төв, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслүүдийг эрчимжүүлэхээр болов. Мөн Улаанбаатар хотын орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах талаар санал солилцож, Дэлхийн банкны зүгээс уг төслийн дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.