Чанаргүй зээл багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-10 11:39:26

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын банкны салбар эхний хагас жилд 30 хувиар өслөө. ДНБ 5, инфляц 5.5 хувьтай байхад зээлийн өсөлт их байгаа нь инфляцыг хөөрөгдөх магадлалтайг Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар тус холбооноос салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм судалгааг танилцуулах үеэр тэмдэглэв.


Чанаргүй зээл 6 хувиас доош байгаа нь зээлийн өсөлттэй холбоотой ч сүүлийн 10 жилд байгаагүй таатай үзүүлэлт аж. Уул уурхайн салбарт гурван зээл тутмын нэг нь чанаргүй байсан бол 17 хувь болж буурсан гэхчлэн бүх салбарт чанаргүй зээл багассан байна. Инфляц буурч, төгрөгийн ханш чангарсан учир иргэд төгрөгийн хадгаламжид мөнгөө байршуулах нь нэмэгдэж, өгөөж нь бодитой болжээ. Гэхдээ төсвийн зардал 43 хувиар нэмэгдсэн. Төсөв тэлснээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэхгүйг тэрбээр онцоллоо.


Түүнчлэн, МБХ-ноос Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, зарим санал гаргажээ. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шинжлэхэд, гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг багасгана гэсэн ч Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ тухай заалт алга. Иймд зээлийн хүүг бууруулах орчныг яах нь тодорхойгүй байна. Ялсан намын мөрийн хөтөлбөрт ногдол ашгаас татвар авахгүй, төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй зэрэг бизнесийн орчныг сайжруулах заалтууд байсан ч төсвийн тодотгол, өргөн барьсан төслүүдээс харахад хэрэгжих шинжгүй байна. Иймд амлалтаа биелүүлэхэд анхаарахыг тодотгож байлаа.


Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй ч, Төрийн банк энэ салбарт үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хувийн банкуудыг олон нийтийн болгох, IPO хийх, нэг хувьцаа эзэмшигчид 20 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага тавьж байгаа ч Төрийн банканд үүнийг хэрэгжүүлэхгүй байхаар хуульчилсан. Төрийн банкыг хувьчлах шаардлагатайг Л.Амар тэмдэглэлээ. 

相关新闻