Тахлаар нас барагсад нэмэгдсэнийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-08 14:51:59

Иргэд амнаас ам дамжсан мэдээллээр өөрсдийнхөө амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулж, тарваганы түүхий эрхтэн залгивал өвчин илааршдаг гэх анагаахын шинжлэх ухаанд нотлогдоогүй аргыг хэрэглэснээр хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учрах болсон талаар ЭМСЯ, ЗӨСҮТ-өөс сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэ жил тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 9 тохиолдол бүртгэгдсэнээс Ховд, Хөвсгөл аймагт 3 хүн өвчилж 2 нь нас баржээ. Эдгээр өвчилсөн хүмүүс нь найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор, тарваганы эд эрхтэн элэг, ходоод, дэлүү, цөс, хүн махыг түүхийгээр залгиж, шүүрхий мах хүнсэндээ хэрэглэснээс халдвар авч улмаар нас баржээ. Иймээс ард иргэд ам дамжсан цуу ярианд итгэж эмчилгээний зорилгоор тарваганы түүхий эд эрхтэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

ЗӨСҮТ-өөс 1995-2014 он хүртэл  тарваган тахлын хүний өвчлөлийн иргэний судалгааг хийхэд 82 тохиолдол бүртгэгдсэнээс  31.4 хувь буюу 34 хүн нас барсан нь хүний аминд хүрэх өндөр магадлалтай өвчин гэдгийг харуулж байна. Энэ өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой хэдий ч иргэд анхаарал болгоомжгүй, эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөнгө олох гэсэн хүмүүсийн золиос болж буйг  мэргэжилтнүүд онцолж байна. 

ЭМСЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл хэлэхдээ, “Тарваган тахлын сэжигтэй гэсэн тохиолдолд шууд бус зардал нь 10-20 сая төгрөг, тахлын халдвар авсан онош нь тогтоогдож эмчилгээ хийлгэхэд 50-60 сая төгрөгийн зардал гардаг. Түүхий мах, сүү хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэдэг нь уламжлалт ам дамжсан яриа. Одоогоор шинжлэх ухаанаар баталж, нотолгоонд суурилсан зүйл байхгүй. Харин иргэд дээр үед тарваганы зөвхөн арьсыг нь хэрэглэж байсан. Гэтэл 20 жилийн өмнө тарвага харьцангуй эрүүл байсан. Хоёрдугаарт байгалийн голомт нь идэвхжээгүй байв.Дээх нь үед тусгай зөвшөөрөлтэй уг амьтны талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй анчид  агнадаг байсан болохоор өвчтэй, эрүүл тарвагыг ялгадаг  байсан. Гэтэл одоо хэн дуртай нь тарвага агнадаг болжээ" гэв.

 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

 

相关新闻