БУЛГАН: Ахмадууд гэр театрын “Их хүндэтгэл” тоглолтын анхны үзэгчид болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дэргэд Гэр театр үүд хаалгаа нээж, ардын урлагийн "Их хүндэтгэл" тоглолтыг ахмадууддаа өргөн барихад бэлэн болоод байна.
Монгол улсад театр харьцангуй сүүлд ХIХ зуунд орж ирсэн гэж үздэг. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм.
Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр
сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р
тогтоол гарч Улсын төв театр байгуулж байв.
Ингээд гэрийн театр шинэчлэгдэж төв театр болсноос хойш 88 жилийн
дараа буюу 2019 онд Монголын шинэ үеийн гэр театр албан ёсоор патентаа авч,
бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан байна. 2019 онд театрын захирал Д.Болор-Эрдэнэ
гэргий Монгол Улсын Гавьяат бүжиг дэглээч-бүжигчин Д.Энхгэрэлдээ бэлэг болгож
хувийн театр барьж өгөх сэдлээр гэр театраа байгуулж байжээ.
Монгол гэр хэлбэртэй орчин үеийн шинэлэг шийдэл бүхий театр нь 300
хүний суудалтай. Гэрийн диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр
буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй. Нийт 720 м.кв талбайтай. Харин
тоглолтын тайзны урт нь 17 м, өргөн нь 9 метрийн өргөнтэй. Өндрөөрөө гурван
давхар байшинтай тэнцэх уг театр нь Монголын хамгийн том баганагүй гэр
гэдгээрээ онцлог.
Улмаар хоорондоо маш удаан
зөвлөлдсөний эцэст монгол гэрийг орчин үеийн стандартад нийцсэн театр болгоё,
цаашлаад дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж олон улсын франчэйз болгоё гэх алсын
хараагаа тодорхойлж, гэр театраа байгуулжээ.
Хайрын сэдлээр том зорилго, алсын хараатай үүссэн театр маань дотоод, гадаадын үзэгчдэд зориулан ардын
урлаг, цирк хосолсон тоглолтоо эхлүүлж, өдгөө хоёр зуугаад тоглолтоо хийгээд
байна. Уран бүтээлчид нь 100 хувь залуу буюу Z үеийнхэн гэнэ.
Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дэргэдэх Гэр театр нь Ардын урлагийн "Их хүндэтгэл" ’тоглолтыг зохион байгуулахаараа онцлог юм.