“Хүрэлтогоот” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Хүрэлтогоот” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд өнөөдөр боллоо.
БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ШУТИС, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран зохион байгуулсан 12 дахь удаагийн уг хуралд Энэтхэг, Хятад, БНСУ, Итали улсад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж буй залуу судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Мөн дотоодын их дээд сургууль, судалгааны хүрээлэнгээс ирүүлсэн 40 гаруй бүтээлээс шалгарсан шилдэг долоон илтгэлийг хэлэлцүүллээ.
Шилдэг долоон илтгэлийг Б.Цолмонбаатар “Мөөгөнцөр ашиглан улаан замаг агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж авах”, Х.Цолмонбаатар “Байршлын яалгаатай бүсүүдээс гурван хэмжээст моделийг хамтран боловсруулах системийн хөгжүүлэлт”, Г.Доржханд “Нефтийн бохирдлыг цэвэрлэхэд бактери бүхий эмульсжүүлэгч ашиглах нь”, Ц.Тэнгис “Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийг гэдрэг холбооны удирдлагын судалгаа”, Ч.Ренчиндорж “Гурван фазын асинхрон хөдөлгүүрийн соронзон орны удирдлага”, Т.Булганмаа “New graphic password scheme containing guestions- background- pattern and implementation”, М.Золжаргал “Монгол хэлний нэрлэсэн нэгж таниур” сэдвээр тавив.
Эдгээрээс дахин шүүж, шилдгийн шилдэг хоёр илтгэлийг тодруулан БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнаж урамшуулах юм байна.
Н.Туяа