Олон улсын эрчим хүчний нөхцөл байдлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-09-24 17:57:59

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалт ОХУ-ын нийслэл Москва хотноо болно.


Москва хотын үзэсгэлэнгийн “Манеж” төв танхимд нээгдэх чуулга уулзалтад 84 орны төр, засгийн тэргүүн, 26 дипломат төлөөлөгч, олон улсын эрчим хүчний томоохон 250 компаниийн 1200 төлөөлөл, дэлхийн эрчим хүчний салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн, нийт 5000 төлөөлөгч оролцож, эрчим хүчний олон улсын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, түлш, эрчим хүчний цогцолборын технологийн шийдлүүд болон орчин үеийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг дэлгэх юм.  


ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Александр Новак чуулга уулзалтын талаар хэлэхдээ, “Энэ бол эрчим хүчний салбарын мэргэжлийн, тодорхой чиглэлийн сэдвийг олон улсын шинжээч, мэргэжилтнүүд, бизнесийнхэн, хөрөнгө оруулагч нар хамтдаа хэлэлцдэг томоохон үйл ажиллагаа юм” хэмээн онцолж байна.


Тэрбээр, "Оросын эрчим хүчний долоо хоног" (РЭН) олон улсын форум нь дэлхийн түлш, эрчим хүчний цогцолборын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх, түлш, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох, тавигдсан зорилтын оновчтой шийдлийг эрэлхийлдэг олон улсын хэлэлцүүлгийн хамгийн том талбар болж байна гэдгийг тодотгон хэлж байна.




Форумын зорилго нь түлш, эрчим хүчний цогцолборын хөгжил, хэтийн төлөвийг харуулах, эрчим хүчний салбарт олон улсын хамтын ажиллагааны боломжуудыг хэрэгжүүлэх юм. Эрчим хүчний салбарт тулгамдаж буй гол сорилтуудыг хэлэлцэж, эдийн засгийн дараах салбарыг хамарна. Үүнд:

  • Нефть, химийн үйлдвэр,
  • Газрын тосны үйлдвэр,
  • Нүүрсний үйлдвэр,
  • Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл,
  • Цөмийн энерги,
  • Усан цахилгаан станц,
  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр,
  • Эрчим хүч хэмнэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зэрэг орж байна.

“Оросын эрчим хүчний долоо хоног”-оор түлш, эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж, технологийн шийдлийн үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн нь төрөлжсөн компаниудад шинэлэг төслүүдээ танилцуулах, түлш, эрчим хүчний цогцолборын салбарт практик туршлагаа солилцох боломжийг олгох аж.


Энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр хүртэл үргэлжлэх олон улсын тус чуулга уулзалтаар БРИКС-ийн орнуудын эрчим хүчний сайд нарын уулзалт мөн болно.


Түүнчлэн эрчим хүчний салбарт гарсан шинжлэх ухааны судалгааны бүтээлд олгох “Даяарчлагдсан эрчим хүч”, олон улсын сэтгүүлчдиййн “Эрчим хүчний үзэг” шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

“Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын форум нь ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2016 онд анх зохион байгуулж, жил бүр болдог уламжлалт үйл ажиллагааны нэг болжээ. Форумыг Москва хотын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ОХУ-ын Эрчим хүчний яам, “Росконгресс” сан зохион байгуулж байна.


БРИКС нь Бразил, ОХУ, Энэтхэг, Өмнөд Африк, БНХАУ-ыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын бүлэг бөгөөд дээрх таван улсын англи нэрийн товчлол юм.

 

相关新闻