БУЛГАН: БНСУ-ын Кёнги аймгийн "Шинхан" их сургуульд энэ жил 50 оюутан суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-09-25 11:06:51

Булган, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ залуу боловсон хүчин бэлтгэх, нэн дутагдалтай мэргэжлээр сургах чиглэлээр олон төлөвлөгөөт ажил хийхээр тусгагдсаны дагуу “Шинэ ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаадын улс орнуудад үе шаттайгаар сурагч, оюутан залуусыг сургаж байна.


Өнгөрсөн 8 дугаар сарын сүүлчээр Буриад улсын Хөдөө аж ахуйн академид 12 оюутныг хүргэн өгч, их сургуульд нь оруулсан бол саяхан Булган аймгийн Засаг даргаар ахлуулсан сум, орон нутгийн зарим удирдлага БНСУ-ын Кёнги аймгийн “Шинхан” их сургуульд аялал жуулчлал, гадаад харилцаа, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсны үр дүнд хоёр дахь жилдээ Булган аймгийн оюутнууд явж байгаа нь энэ юм.


“Шинхан” их сургуульд 2023 онд 21 оюутан элсэн орж энэ онд бакалаврын ангидаа орсон бол энэ жил Булган аймгаас 50 оюутан суралцахаар ирж хичээлийн бэлтгэл ажилдаа орлоо.

 

Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймаг сумын удирдлагууд оюутнуудыг “Шинхан” их сургуулийн ерөнхий захирал Кан Сон Жунг тэргүүтэй сургуулийн удирдлага, багш нар хүлээн авч уулзлаа.


Их сургуулийн ерөнхий захирал Кан Сон Жунг, "Улс орныхоо ирээдүйг харж боловсролын чанарт анхаарсан Засаг даргын санаачилгаар цаашид Булган аймаг олон оюутан, залуусынхаа хүчээр хөгжих болно" гээд нийт төлөөлөгчид, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Мөн “Энэ хүүхдүүдэд диплом гардуулах бол миний эцсийн зорилго биш оюутнууд маань ихийг сурч төгсөөд Булган аймагтаа очиж ажиллаад эргээд харахад Шинхан их сургууль бол миний хамгийн зөв сонголт байсан юм аа гэж бодох хүртэл нь энэ хүүхдүүдийг сургах болно” хэмээн онцоллоо.


Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, "Ирээдүйн Булган нутгийг хөгжлийг авч явах хүмүүс бол та нар юм шүү. Хамтдаа хичээж өөрсдийнхөө болон Булган нутгийнхаа ирээдүйг хамтдаа гэрэлтүүлэхийг хүсье" гэв. 





相关新闻