Дэлхийн шуудан холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шуудан холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форумыг манай улсад анх удаа зохион байгуулж байна.
Форумаар Дэлхийн Шуудангийн Холбооны гишүүн орнууд ирэх 4 жилд баримтлах стратеги, дүрэм, журам, бодлогыг урьдчилан хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ тусган, нэгтгэж конгресст хүргэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ үеэр “Дэлхийн шуудангийн холбоо 150 жил” маркны нээлт болов. “Дэлхийн шуудан холбооны байгууллагын 150 жил” сэдэвт нэг нэрийн маркт 150 жилийн ойн лого, Монгол Улсын төрийн далбаа, “Улс үндэстнүүдийн харилцаа холбоог идэвхжүүлж, ард иргэдийг чадавхжуулсан 150 жил” уриа бичвэр, үндэсний хээ, хүрээг дүрслэн оруулжээ. ДШХ-ны 150 жилийн ой, Монгол маркийн түүхт 100 жилийн ойн босгон дээр анхны “Элдэв-Очир” сэдэвт 7 нэрийн марк ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулганаар энэ оны 5 дугаар сард өвийн жагсаалтад амжилттай бүртгэгдэж байсан юм.
Дэлхийн 22 орны төлөөлөгч 1874 оны 10 дугаар сарын 9-нд
хуран цугларч, “Берний Гэрээ”-нд гарын үсэг зурснаар Шуудангийн Ерөнхий
Холбоо хэмээх байгууллага байгуулагдсан нь хожим Дэлхийн шуудан холбоо (ДШХ) нэртэй болжээ. ДШХ нь өнгөрсөн хугацаанд 192 орныг
эгнээндээ нэгтгэж, дэлхийн аль ч өнцөгт оршин суугаа хүнд шуудангийн үйлчилгээг
хүргэх, нэгдсэн сүлжээг бий болгоно гэсэн алсын хараагаа бодит болгосон юм.
Монгол Улс нь ДШХ-ны гишүүнээр 1963 оны 8 дугаар сарын 24-нд
элсэж, Монгол маркт нийгмийн
бүх үе шатанд олсон ололт, олон улсын хамтын ажиллагаа, байгаль, шинжлэх ухаан,
техник, технологийн хөгжил, сансар судлал, соёл урлаг, спорт, шуудан, харилцаа
холбоо, ховор олдвор, түүхэн хүмүүс, томоохон онцлог үйл явдлыг тусгаж ирлээ.
ДШХ-ны ойд зориулж анх 1974 онд “Дэлхийн шуудан холбооны байгууллагын 100 жил”
сэдэвт хоёр цуврал багц марк, 2004 онд ДШХ-ны 130 жилийн ойн нэг нэрийн маркийг
Монгол Шуудан ХК-иас хэвлэн гаргаж байв.
Монгол Улс шуудангийн хөгжлийн индексээр 46.7 оноогоор хөгжлийн 6-р түвшинд эрэмбэлэгддэг аж.