Өдрийн сурвалжилга: Эх орны брэндүүдийг нэг дор цогцлоосон “Намрын ногоон өдрүүд”
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж буй эл үзэсгэлэнд 21 аймгаас шалгарсан брэнд бүтээгдэхүүнийг дэлгэснээс гадна үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид шинэ, содон бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үүнээс гадна газар тариалан эрхлэгчид намрын ургацынхаа дээжээр нийслэлийнхэнг дайлахаар Улаанбаатар хотод ирсэн байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайгаас хүнсний боловсруулах салбарын 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 21 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой. Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн үзэсгэлэнгийн онцлог нь аймаг, нийслэлийн болон нийт оролцогчийг долоон бүсэд хувааж, бүс бүр нэг бүтэн өдөр тайз ашиглан өөрсдийн үйл ажиллагаа, тухайн бүс нутгийн онцлог, өв уламжлал, зан заншлыг таниулах, мөн бүс нутгийн онцлогийг шингээсэн шинэ болон брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Арван есөн жилийн өмнөөс эхлэлтэй энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр орон нутгийн болон газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнийг нийслэлийнхэнд хүргэхийн сацуу хөдөө аж ахуйн салбарт хэрэглэж буй дэвшилтэт технологи, техник хэрэгсэл, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн шилмэл омгийн мал зэргийг танилцуулдаг байлаа. Энэ нь олны анхаарлыг татаж, ажлын өдөр, цаг агаараас үл шалтгаалан “Намрын ногоон өдрүүд”-ийг зоригсдын цуваа тасардаггүй байв. Гэвч сүүлийн 10-аад жилд тариалан эрхлэгчид шинэ ногоогоо, 21 аймгийнхан брэнд бүтээгдэхүүнээ, үндэсний үйлдвэрлэгчид инновац шингээсэн шинэлэг бүтээгдэхүүнээ, хөнгөн үйлдвэрлэл болон жижиг, дунд бизнес эрхлэгчид содон, сонин бүтээлээ танилцуулж, худалддаг болсон юм. Энэ бүхнийг нэг дороос зуучлалын хөлсгүйгээр шууд худалдан авах боломжийг олгодог нь “Намрын ногоон өдрүүд”-ийн гол онцлог бөгөөд иргэдийн хүлээдэг өдөрлөг болсон билээ.
Гадаа +19 хэм зааж, намрын нар ээсэн налгар өдөр буюу өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү ойртох дөхөхөд шинэ ногооны үнэр сэнхийж, орон нутгийнхны төвхнөсөн асарт хүрэхэд намрын айраг сэнгэнэнэ. Энэ үнэр “Намрын ногоон өдрүүд”-ийг зорин ирэх иргэдийн сэтгэлийг өөрийн эрхгүй хөдөлгөнө.
Газар тариалан эрхлэгчдийн асраар зочлоход шинэхэн тарьсан ягаан, цагаан сармис, амтат хулуу, чинжүү, төмс, хүнсний ногоо гээд цөм байна. Хэдийгээр ажлын өдөр байсан ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Дулаан болоод ч тэр үү эцэг, эхээ дагуулсан дунд эргэм насныхан Төв цэнгэлдэхээр холхино. Бүгд л хоёр гартаа тортой хүнс барьсан харагдана. Харин настайчууд авах зүйлээ зааж, тооцооны дансаа барьсан дүр зурагтай хэдэнтэй таарав. Монголын хөрсөнд ургадаггүй ногоо гэж байхгүй болжээ. Анх төмс, байцаа, лууван, цагаан, шар, хүрэн манжингаас цааш хэтэрдэггүй, хүнсний нарийн ногооны талаар мэдлэг муутай байсан монголчууд өнөөдөр харин ч нэг сорчлох худалдаа хийж байлаа.
Зүүн Азийн орнууд, илүү ойртуулбал өмнөд хөршид очихоороо хардаг байсан нарийн ногоонуудыг Монголын тариаланчид төрөл төрлөөр нь, сорт сортоор нь тариалдаг болсныг хараад талархах сэтгэл төрж байв. “Намрын ногоон өдрүүд”-ийг анх зохион байгуулж эхлэхэд ганц, хоёр мэдэхгүй ногооны нэршил харахаар гайхан лавлаж, худалдан авах эсэхдээ эргэлзэн тээнэгэлздэг байсан цаг саяхан мэт. Гэтэл өнөөдөр хүнсний ногооны нэр төрөл олширч, монголчуудын хэрэглээ ч өөрчлөгджээ. Бидний хамгийн сайн мэдэх улаан лооль гэхэд 3-4 төрлийн сорт байх жишээний. Ногоон, ногоон алаг тарвас л гэж мэдэхээс шар тарвасны талаар урьд өмнө нь сонсож байгаагүй монголчууд өнөөдөр япон сортын шар тарвастай танилцаж байна. Энэ бол “Намрын ногоон өдрүүд”-ийг зохион байгуулсны үр дүн. Цаашлаад Ховдынхны голдуу тариалдаг тарвас, амтат гуа хүртэл 2-3 төрлийн сорттой болжээ. Амт ч бага зэрэг өөр юм. Саримсаас эхлээд чинжүү, юуцай, бууцай, шанцай гээд бүгдийг л эх орныхоо хөрсөнд тарьж, намар цагт дотоодын хүнсний ногоогоор ёстой нэг бялхаж байн. Үнийн хувьд ч боломжийн, нэг их үнэтэй биш.
Цааш явлаа. Аймаг тус бүр хоёр хоёр асарт төвхнөжээ. Энэ бол өмнөх жилүүдээ бодвол харьцангуй цөөхөн гэсэн үг. Өнгөрсөн оны “Намрын ногоон өдрүүд”-ээр айраг л гэхэд Булганы Сайхан, Могод, Орхон, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Архангайн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Дундговийн Дэрэн, Эрдэнэдалай, Төв аймгийн Баянцагаан, Баяндэлгэр, Өвөрхангайн Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр гэх мэтээр олон сонголттой байсан. Харин энэ жил Булганы Сайхан, Өвөрхангайн Баян-Өндөр, Архангайн Хотонтоос өөр айраг алга. Гэхдээ хотынхны шүлс асгаруулах нутаг нутгийн брэндүүд байна аа, байна.
Булганы Сайхан, Архангайн Хотонтын айраг, Говь-Алтайн Суль болон Цулхирын гурил, Хэнтийн цөцгий, мойлтой тос, буриад талх, Баянхонгорын тэмээн тавхай ааруул, Ховдын тарвас, амтат гуа, Сэлэнгийн утсан загас, талх, Завханы зэрлэг жимс гээд шимтэй бүхнээ дэлгэжээ. Тэр ч бүү хэл, Дундговийнхон нутагтаа тарьсан тоор, чавга жимсээр компот хийгээд Улаанбаатарт авчирчээ. Сонин бөгөөд содон харагдана. Өлгийнхөн улаан ааруултайгаа 1500 км-ийн цаанаас хотыг зориод ирж. Аймгуудын асраар нүд хужирлаж, хорхойгоо дарчихмаар бүтээгдэхүүн мэр сэр байна.
Дахин цааш эргэхэд үндэсний үйлдвэрлэгч хүнсний манлай үйлдвэрүүдийн асартаа дэлгэсэн бүтээгдэхүүнүүд хараа булаана. Тэднээс ганцыг нь жишээлэхэд “АПУ Дэйри”-гийн шинээр үйлдвэрлэсэн гурван брэнд байна. Тус компаниас гаргасан “Монт-Як” брэндийн сарлагийн шар тос, гурван төрлийн хайлмаг, амтат аарц аргагүй олны харааг булааж, хүмүүс ихэд сонирхож байх юм.
Тус бүтээгдэхүүний талаар “АПУ Дэйри” компанийн чанарын ахлах менежер Ц.Ичинхорлоо ярихдаа, “Манай компани органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 2022 оноос хойш тууштай ажилласны үр дүнд өнөөдөр “Монт-Як” брэндийн шар тос, хайлмаг, аарцыг жинхэнэ органик болгож, баталгаажуулснаар хэрэглэчдэдээ хүргэж байна. 19 дэх удаагийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулж, амталгаат худалдаа явуулах болсондоо баяртай байна. Уг бүтээгдэхүүний гол онцлог нь монгол сарлагийн сүүг гэр үйлдвэрлэлийн стандартаар үйлдвэрлэсэн түүхий эдийг чанар, хүнсний аюулгүй байдлыг хангасан үйлдвэртээ органик хүнсний тухай болон органик бүтээгдэхүүний тухай хууль, олон улсын органикийн хууль, стандартыг зэрэг нэвтрүүлж хэрэглэгчдэдээ хүргэж байгаа юм” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн үр нөлөө их байгааг тариалан эрхлэгчид онцолж байсныг сурвалжилгынхаа төгсгөлд цохон тэмдэглэе. Тухайлбал, “Хүнсний хувьсгал” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хувиараа газар тариалан эрхлэх иргэдийн тоо нэмэгдсэнийг онцолж байлаа.