Нэрт яруу найрагчийн Баян-Өлгийнхнийг шүүмжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонголын казахууд хүндэт зочноосоо шүүмжлэл сонсов.
Казахстаны нэрт яруу найрагч, Айтысын найрагчдын холбооны тэргүүн Жүрсин Ерман өнгөрсөн зун Баян-Өлгий аймагт урилгаар айлчлан ирж, эцэг эх нь Сагсай суманд амьдардаг шавь С.Шугайфынхаа хуриманд оролцон улмаар харилцаа дууны уралдаан зохион байгуулаад буцсан билээ.
Эрхэм зочны замын тэмдэглэл саяхан сонин хэвлэлд гараад ирэв. Жүрсин Ерман замын тэмдэглэлдээ, энэ нутгийн казахууд хот хөдөөгүй Наурыз баяраа тэмдэглэж байгаа мэт цагаан гэртээ амьдран сууж байгаа нь эртний ёс заншлаа хэвээр нь хадгалсаар ирсний гэрч, хонь мал олонтой байгаа нь элбэг дэлбэг амьдран суудгийг нь харуулж байна гэх зэргээр магтсан байна. Гэлээ гэхдээ Монгол Улсад нэвтрэх Ташаант дахь Орос Улсын хил гааль туйлын хүнд сурталтайгаас авахуулаад Баян-Өлгийн казахууд махыг дутуу чанадаг, цайндаа давс их хийж сүлээд данханд биш халуун саванд хийдэг, хүүхэддээ Гагарин, Кунаев зэрэг хачин нэр оноодог байна гэх зэргээр шүүмжилсэн байна. Мөн хурим найранд уригдсан хүмүүс нь товлосон цагтаа ирэлгүй гурав дөрвөн цаг хүлээлгэн бусдаа хохироодог байна гэжээ. Энэ бол үнэн үг юм. «Магтсан хүүхэн хуриман дээрээ»-гийн үлгэрээр дэлхийн казахууд дундаас хэл, уламжлалаа сайн хадгалсан нь монголын казахууд гэсэн магтаалд ташуурсан энэ нутгийнхан багагүй ёс заншлаа эвдээд байна. Гэрлэх ёсыг холио бантан болгов. Өлгий хотод 10 гаруй хурим, зугаа цэнгэлийн газар байдаг. Тэдний аль алинд нь уригдсан хүмүүс нь товлосон цагт нь хүрээд ирдэггүй нь даруй залруулахаар дадал заншлын нэг нь болоод байна.
Ш.Айзаря